Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 14 жилийн дараа Германд төрийн айлчлал хийнэ www.gogo.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-нд Германд төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Германд хийх төрийн айлчлал 14 жилийн дараа болж буйгаараа онцлог бөгөөд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдана.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ.
Төрийн тэргүүн нар Берлин хотод нээх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал тус тус зохион байгуулагдана.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон уг айлчлалаар нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн юм.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Нийтэлсэн огноо2026-10-14





