"БНХАУ зугтсан Г.Золзаяа Х.Нямбаатарын захиалгаар, төсвийн мөнгөөр худал мэдээлэл түгээснээ хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн" www.eagle.mn
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Ерөнхийлөгчийг гадаад айлчлалтай явах үед нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч руу удаа дараа дайрсан гүтгэлэг, ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээлээ.
Ерөнхийлөгчийг хувьдаа онгоцтой мэтээр ярьсан. ИНЕ-аас лавлахад Монголд 20 гаруй нисдэг тэрэг байдаг юм байна. Үүний 18 нь хувийн ААН-үүдэд байна. Төрийн мэдэлд байгаа нисдэг тэрэг нь ЗХЖШ-д бий. Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Ерөнхийлөгчид үйлчилдэг.
Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр ярьсан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Ерөнхийлөгч Австрали руу яваагүй 12 жил болж байгаа.
Төрийн ордны ард байрлах “Андууд тауэр”-ийг Ерөнхийлөгчийнх гэж удаа дараа ярьж байгаа. Гэвч энэ барилга нь нийслэлийн өмч. Сүхбаатар дүүргийн ЗДТГ “Асар-Өргөө” ХХК-тай хамтран концессоор барьж байгаа мэдээлэл нь ил бий. “Асар-Өргөө” ХХК-тай Ерөнхийлөгч ямар ч хамааралгүй. Компанийн эзэд нь АН-ын гишүүн ах дүү хоёр байдаг нь баримтаар тогтоогдсон.
Мөн Ерөнхийлөгчийг Гачууртад олон амралтын газартай гэж мэдээлсэн. Ерөнхийлөгч аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг “Илт хаан” гэдэг компанийн 58 хувийг эзэмшдэг. Сүүлийн 10 жилийнх нь ХОМ-т байгаа. Энэ компанийн 10 гэр, 10-аад дүнзэн байшин Гачууртад биш Тэрэлжид байдаг. Олон тансаг зэрэглэлийн амралт, зочид буудал огт байхгүй.
Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх тансаг хаус хороололтой гэж гүтгэсэн. Зургийг нь үзүүлээд байгаа хауснууд нь хувийн ААН болон хувь хүмүүсийн өмч. Ерөнхийлөгч хадгаламжнаасаа хөрөнгө гаргаж Бага тэнгэр орчимд орон сууц авсан нь бол үнэн. 2022 онд 360 мянган ам.доллар, 2024 онд 200 сая төгрөгийг төлбөрт нь шилжүүлсэн баримт нь байгаа. Ерөнхийлөгч 2020 онд 1.7 тэрбумын хадгаламжтай байсан. 2025 онд 561 сая болж буурсан. Энэ нь байр захиалж авсантай холбоотой.
“United mall” худалдааны төвийг Ерөнхийлөгчийн өмч гэж ярьсан. Гэвч энэ нь Б.Даваадорж гэдэг хүний өмч гэдэг нь нээлттэй мэдээлэлд ил байгаа.
Худлаа мэдээлэл түгээсэн НЗДТГ-ын хэвлэлийн албаны ажилтан Г.Золзаяа БНХАУ руу зугтаж гарсан. Тэнд орогнож байгаа. Энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар, татвар төлөгчдийн мөнгөөр худал мэдээлэл түгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бидэнд захидал илгээж уучлал хүссэн” гэв.
Нийтэлсэн огноо2026-10-27





