Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилтынхоо 91.9 хувийг биелүүлжээ www.itoim.mn
Монгол Улс он гарснаас хойш буюу аравдугаар сарын 29-ний байдлаар 919,104 жуулчин хүлээн авч, Засгийн газраас дэвшүүлсэн жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилтынхоо 91.9 хувийг биелүүлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ.
Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгон тодорхойлж, 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд жилд нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан юм. Монгол Улс 2025 онд нийт 847,200 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 700 сая ам.долларын орлого олсон. Харин энэ оны эхний аравдугаар сарын байдлаар жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсөж, 919,104-т хүрлээ.
Энэ оны наймдугаар сард хамгийн олон буюу 165,284 жуулчин ирсэн бол аравдугаар сарын 29-ний байдлаар 77,598 жуулчин хүлээн авсан байна. Ирсэн жуулчдын дийлэнхийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд бүрдүүлж байгаа бөгөөд Япон, Казахстан, АНУ удаалж байна. Тухайлбал, аравдугаар сард ОХУ-аас 36,718, БНХАУ-аас 21,888, БНСУ-аас 6,948, Японоос 2,227 жуулчин иржээ. Зөвхөн аравдугаар сарын 29-ний өдөр 3,141 жуулчин ирсний 1,905 нь ОХУ-ын иргэд байна.
Одоо нэг сая жуулчин хүлээн авах зорилтод хүрэхэд 80,896 жуулчин дутуу байна. Өнгөрсөн оны статистикаас харахад манай улсад арваннэгдүгээр сард 45,335, арванхоёрдугаар сард 46,307 жуулчин ирж байв. Хэрэв үлдсэн хоёр сарын хугацаанд жуулчдын урсгал өнгөрсөн оны түвшинд хадгалагдвал Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо давуулан биелүүлэх боломжтой юм.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-11-01





