Сэлбэ хотхоныг дулаанаар хангаж эхэлжээ www.news.mn
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах зорилгоор “Сэлбэ” хотыг байгуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл халаалтаа авах боломжтой болсон зарим барилгуудыг дулаанд холбосноор өвлийн турш дотор заслын ажил үргэлжлэх боломжтой болжээ. Халаалтыг Сэлбэ дулааны станцаас хангаж эхэлсэн байна. Тус станц нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 52 байгууллагыг дулаанаар хангаж байгаа аж. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгжүүдийг дулаанаар хангадаг болохыг албаныхан тодотголоо.
Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 158 га талбайд 113 блокийн 8575 айлын орон сууц баригдах юм.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын мэдээллээр Сэлбэ орон сууцны хорооллын 1м2 талбайн үнэ 3,700,000-3,900,000 төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан. Газар чөлөөлөлт хийсний зэрэгцээ дулааны станцыг барьж байгуулснаар энэхүү цогц орон сууцны хорооллыг босгож эхэлсэн юм. Үүнд зөвхөн орон сууцны хорооллоор бүтээн байгуулалтын ажил хязгаарлагдахгүй сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна худалдааны төвүүд ч баригдана.
Нийтэлсэн огноо2026-11-16





