Нийслэлийн 300 сурагч БНХАУ-ын Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ www.news.mn
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон хувийн өмчийн 71 сургуулийн шилдэг 300 сурагч БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Шилдэг сурагч бүрд 500 мянган төгрөг гардуулсан байна. Энэ нь хятад хэл суралцаж буй хүүхэд, залуусын амжилтыг урамшуулах, цаашид гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдавга Улаанбаатар хотын төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 4000 орчим сурагч хятад хэл суралцаж байгааг онцоллоо. Тэрбээр гадаад хэл эзэмших нь зөвхөн харилцааны хэрэгсэлээс гадна хүүхэд, залуусын ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүйг тэлж, өөрийгөө хөгжүүлэх, цаашид олон улсад суралцах боломжийг нэмэгдүүлдэг гэв.
Мөн Монгол, Хятад хоёр улс олон жилийн найрсаг харилцаа, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаатай хөрш орнууд учраас залуу үеийнхний хэл, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх нь хоёр орны харилцааны ирээдүйд чухал ач холбогдолтойг дурдсан юм.
Түүнчлэн цаашид БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хотоос сурагчдыг хамруулах боломжийг өргөжүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Өнгөрсөн сард Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххот хооронд хотын найрсаг харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчдийн хооронд 20 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, Хөххотын зүгээс Улаанбаатар хотод иж бүрэн хавдрын оношилгооны аппарат бэлэглэсэн бөгөөд уг төхөөрөмжийг ирэх долоо хоногт нийлүүлэхээр төлөвлөсөн талаар Б.Пүрэвдавга онцлон тэмдэглэв. Ингэснээр хавдрын оношилгоо, эмчилгээ хийлгэхээр БНХАУ-ыг зорьдог иргэд эх орондоо оношилгоо хийлгэх боломж нэмэгдэнэ гэж тэрбээр үзэж байна. Мөн 2027 онд Улаанбаатар хот Тяньжин болон Шанхай хоттой хамтын ажиллагаа тогтоосны 35 жилийн ой тохиохтой холбогдуулан худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Ли энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, хятад хэл, соёлыг суралцаж буй Монголын хүүхэд, залуусыг дэмжих нь хоёр орны харилцааны ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон байна.
Тэрбээр цаашид Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр уламжлал болгон олгож, сурагчдыг хятад хэлээ улам сайн эзэмших, БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломжийг эрэлхийлэхийг уриалж байна. Мөн ирээдүйд эзэмшсэн мэдлэг, чадвараараа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Нийтэлсэн огноо2026-11-14





