Монгол банк: Банкнуудад 175 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов www.bloombergtv.mn
Монголбанк банкнуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг ХААН банк, Хас банк, Капитрон банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд олгосноо мэдээллээ. 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарласан байна.
Макро зохистой бодлогын хүрээнд уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Энэ онд Төв банк энэ чиглэлд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Ингэснээр шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой болжээ.
Мөн хатуу хөл хорионоос үүдсэн эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөөр Төв банк 11 дүгээр сарын 23-нд бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж, зургаан хувиар буюу түүхэн доод түвшинд хүргээд байгаа юм.
Нийтэлсэн огноо2020-12-03