Төсөв: 1.3 их наядаар авто зам барьж, засварлана www.news.mn
УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед салбар яамдын төсвийг задлан, танилцуулж байна. Тодруулбал, Зам, тээврийн яам 2027 онд 42 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 1.4 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар тооцоолжээ. Үүний 1.3 их наядыг авто зам барих болон засахад зарцуулна.
Улсын хэмжээнд үргэлжлүүлэн санхүүжүүлэх 67 авто замын төсөл байгаа бөгөөд шинээр хэрэгжүүлэх 37 орчим замын ажил, 20 гаруй гүүрэн байгууламжийн ажлыг тусгажээ. Мөн Оюутолгойн ногдол ашгаар долоон томоохон замын ажлыг хийхээр төсөвт тусгаад байжээ.
Тодруулбал, Оюутолгойн ногдол ашгаар дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байжээ. Үүнд,
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Нисэхийн тойргийн төмөр бетон гүүр барихад 25 тэрбум,
Баян-Өлгий аймгийн Толбо сумаас Дэлүүн сум хүртэлх хатуу хучилттай авто зам тавихад 41.8 тэрбум,
Баруун бүсийн Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай зам барихад 42.6 тэрбум төгрөг,
Хойд бүсийн Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай 151.5 км авто зам барихад 60.9 тэрбум төгрөг,
Нөмрөг – Улаангом чиглэлийн А18дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 41.4 тэрбум төгрөг,
Увс аймгийн Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх чиглэлийн 164.5 км хатуу хучилттай 100 км авто замын үргэлжлэлд 49.4 тэрбум,
Өмнөговь аймгийн Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 42.9 тэрбумыг зарцуулахаар 2027 оны төсвийн төсөлд тусгасан байжээ.
Зам тээврийн яамны 2027 оны төсөвт тусгасан зарим онцлох бүтээн байгуулалтын ажлаас танилцуулъя. Ирэх 2027 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Багануур-Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай 60 км авто замыг нийтдээ 52 тэрбумаар барихаар төсөвлөснөөс ирэх онд 12 тэрбум төгрөг тусгажээ.
Мөн зүүн бүсийн Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга байгалийн цогцолборт газар хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 45 тэрбум төгрөгийг тусгаснаар 2027 онд 13.6 тэрбум төгрөгийг тусгаж, 2027-2029 онд хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн энэ чиглэлийн авто замын эхлэл хэсэгт дахин 57.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 тэрбум тусгажээ. Үүнээс гадна зүүн бүсийн Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замын ажилд нийт 319 тэрбум төгрөг төсөвлөснөөс 80 тэрбум төгрөг, баруун бүсийн Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл хэсэгт 43.9 тэрбумыг төсөвлөснөөс 2027 онд 15.5 тэрбумыг тусгаад байна.
Мөн Солонготын давааны хатуу хучилттай 12.08 км тавихад нийт 45.4 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх жил 5.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай 179.7 км замын ажилд 186 тэрбум төгрөг төсөвлөхөөс ирэх онд 32 тэрбум төгрөгийг тусгажээ. Салбарын тээвэртэй холбоотой зардалд Хэнтий аймгийн Дадал суманд Дэлүүн болдог нисэх буудлын барилга барих ажлыг 2020 онд анх таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төлөвлөж байсан бол одоо энэ бүтээн байгуулалтын ажил 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болж, 2027 онд 589 сая төгрөг тусгажээ.
Нийтэлсэн огноо2026-11-12





