Хүннү хотын дэд бүтцийг барьж байна www.montsame.mn
Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд Хүннү хотын суурь дэд бүтцийг барьж байна.
Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрүүлж, 80 мянган ажлын байр бий болгохоор эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлал, олон нийт худалдаа үйлчилгээ, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төв, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөжээ.
НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр, одоогоор ухаалаг, дижитал шийдэлтэй, “Сэргэлэн” дэд станцыг 6.4 га талбайд барьж ашиглалтад оруулаад байгаа. Энэ нь Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болох юм. Тухайлбал, Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэж, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок, бусад чиглэлийн цахилгаан дамжуулах шугамыг холбох боломж бүрдүүлж байна. Төсөлд 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулж, орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоногложээ.
Мөн Хүннү хотын төмөр замыг барьж, туршилтын тээвэр хийж эхэлсэн бол мэдээлэл холбооны 41.5 км урт худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээ, цахилгаан хангамжийн “Хөндий” дэд станц, үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийг барьж дуусгажээ.
Түүнчлэн цахилгаан хангамжийн “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80, дулааны хосолмол эх үүсвэртэй “Хүннү эко дулаан-2” станц 40, хоногт 2000 шоо метр хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85, ариутгах татуургын хоногт 3000 шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажил 50 хувьтай үргэлжилж байна.
Нийтэлсэн огноо2026-11-11





