Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 2001-2022 онд Монгол Улсын эдийн засагт ₮802.9 тэрбумын хохирол учирчээ www.bloombergtv.mn
эрсдэлийн үнэлгээний тайланд тодорхойлсноор дэлхийн хэмжээнд жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж, 2030 он хүртэлх хугацаанд 40 хувиар өсөх хандлагатай байна
Эрсдэлийг тооцоолохгүйгээр урагш алхахад бэрх. Ойрын хугацааны эдийн засгийн төлөвийг нэлээд өөдрөгөөр харж буй Монгол Улсын хувьд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах, арилгах гээд бүхий л талд бэлтгэл сул байгаа нь ялангуяа энэ онд тохиосон үйл явдлууд харууллаа.
"2004-2013 онд улсын хэмжээнд 3100 орчим байгалийн гамшигт үзэгдэл болж байсан бол дараагийн 10 жилд 30.2 хувиар өсөж, амь насаа алдсан хүний тоог мөн онуудтай харьцуулахад 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 54 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 2001 оноос хойш гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 800 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан"-ыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Эрсдэл ба стандарт” форумын үеэр онцолж байв.
Энэ жилийн хувьд ч нийт нутгийн 50 хувьд зудын өндөр эрсдэлтэй, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж байгаа бөгөөд 2001-2022 онд цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 565 хүн амь насаа алдаж, 29.7 сая толгой мал хорогдсон байна. “Гамшиг тохиолдсоны дараа иргэд, аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох гэхээр үүнийг зохицуулсан эрх зүйн орчин сул байдаг тул гамшгийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх нь чухал болох”-ыг ОБЕГ-ын дарга тодотголоо.
Гамшгаас хамгаалах тухай хуульд аж ахуйн нэгж байгууллагууд жилийн төсөвт 1-1.5 хувийг суулгах замаар эрсдэлийг бууруулах чиглэлд зарцуулахаар хуульчилсан ч хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна “Аливаа улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг стандарт хэмжээ байдаг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэлдээ амьдарч байгаа буюу стандарт хэмжээнээс 3.5-7 дахин их байгаа”-г "Эрсдэл ба стандарт форум"-ын үеэр онцоллоо. Энэ хэрээр нийслэл хотын хэмжээнд түгжрэлээс үүдэлтэй олон асуудал тулгамдаад байгаа бөгөөд хохирлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувь буюу 3.8 их наяд төгрөг хүрээд байгаа аж. Энэ нь ирэх онуудад нэмэгдсээр 2030 он гэхэд 18 хувьд хүрэхээр байна.
Илүү том зургаар буюу эдийн засгийн эрсдэлийг аваад үзвэл ирэх жилүүдэд гадаад санхүүжилтийн эмзэг байдал даамжирч, гадаад өрийн хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг түр зуурынх болгож магадгүйг “Fitch Ratings” анхааруулаад байна.
Нийт экспортынхоо 80-аас дээш хувийг зөвхөн БНХАУ-д гаргаж, түүнийхээ 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр бүрдүүлж буй Монгол Улсад энэхүү хамаарал нь эдийн засаг талаасаа гол эрсдэл болж байна. Монгол Улсын нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар л багасахад төлбөрийн тэнцэлд дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэйг “Fitch Ratings”-ийн шинжээч анхааруулж байлаа. 2011-2012 онд БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар агшихад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.2 хувиар саарч байсан удаатай.
Мөн ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа бөгөөд энэ утгаараа өрийн дарамт эрсдэл болж магадгүйг “Fitch Ratings” онцолж байна. "Гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байгаа нь хувийн хэвшлийг эмзэг байдалд оруулж буй тул эдийн засгийн одоогийн сэргэлтийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүлэх хэрэгтэй"-г ОУВС зөвлөж байгаа юм.
Нийтэлсэн огноо2023-11-26