Эрчим хүчний нүүрсний экспортын харьцааг 70/30 байлгахаар тогтжээ www.eguur.mn
Өчигдөр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.
“Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” уг тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм. Тогтоолын хүрээнд хятадын талтай хэлэлцэж, "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсныг Улсын Их хурал гуравдугаар сарын 27-нд баталсан юм. Уг хэлэлцээр болон хоёрдугаар сарын 15-нд байгуулсан хоёр талын ажлын хэсгийн хамтарсан уулзалтын протоколын дагуу Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Гашуун сухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих гэрээний яриа хэлэлцээ идэвхтэй хийгдэж, эцэслэх шатандаа явж байгааг сайд танилцуулаад, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 14-нд төмөр замын төслийн шавыг тавихаар бэлтгэж байгаа гэв.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нүүрсийг сорчлон олборлохгүй байх, Онч хараат, Бортолгойн ордуудыг ашиглах тухай заалтуудын хэрхэн уялдаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг асуухад,
Ц.Туваан хариулахдаа, эхний гурван жилд жил тутам 5.0 сая тонн, дараагийн хоёр жилд жил тутам 6.0 сая тонн нүүрсийг Баруун, Зүүн Цанхиас олборлох бөгөөд хатуу коксжих, 1/3-ийн коксжих, эрчим хүчний нүүрс 55, 35, 10 гэсэн харьцаатай байна гэв. Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлсний үндсэн дээр 2030 оноос 11 жилийн хугацаанд жил тутам 20.0 сая тонн нүүрс өгөхөөр гэрээнд тусгаж байгаа бөгөөд энэ үед коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаа 70, 30 байх ажээ.
УИХ-ын гишүүд тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын асуудлыг хөдөлгөж урагшлуулах, хэлэлцэж байгаа гэрээнүүдэд Хятадын талаас ямар нөхцөл, санал тавьж байгаа зэргийг асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын тогтоолд тусгасан дайвар заалтуудыг хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандах шаардлагатай гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-05-07