Танилц: Улаанбаатарыг хаагуур, яаж 14 хотод хуваав. Цаашид хэрхэх вэ? www.eguur.mn
Нийслэл Улаанбаатарыг 14 хотод хуваах тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ нь угтаа 2024.05.16-нд буюу жилийн өмнө УИХ-аар хэлэлцэн баталсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, үүнд уялдуулан баталсан Хот байгуулах тухай хуулиудын хэрэгжилт юм.
Үндсэн өөрчлөлт болох Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийнг шинэчилсэн найруулгыг 2025 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тусгасан. Өөрөөр хэлбэл хэрэгжихэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.
Энэ нь илүү агуулгын шинжтэй, орон нутгийн болон улсын статустай хотын эрх зүйн байдлыг тодруулж өгсөн.
Харин үүнтэй уялдуулж, Хот байгуулах тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Улаанбаатар хотыг орон нутгийн статустай 14 жижиг хотод хуваах юм.
Баянзүрх дүүргийг гэхэд,
Дарь эх хот
Баянзүрх хот
Амгалан хот гэж гурван хотод хуваана.
14 хотын нэр, хамрах нутаг дэвсгэртэй танилц:
Хан-Уул хот – Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Яармаг хот- Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Буянт-Ухаа хот – Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр
Сонгинохайрхан хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
Толгойт хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Баянхошуу хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
Өнөр хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Баянгол хот – Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
Чингэлтэй хот – Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр
Сэлбэ хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
Сүхбаатар хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
Дарь-Эх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Баянзүрх хот - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Амгалан хот - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Гэхдээ Хот байгуулах тухай тогтоолын хэрэгжих хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 1 юм. Тэгэхээр 14 хот байгуулагдтал дахиад хагас жилийн зай байна.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, хот гэдгийг,
Нийслэл Улаанбаатар
Улсын зэрэглэлтэй
Орон нутгийн зэрэглэлтэй гэж гурав хуваажээ.
Ингээд ангилал тус бүрдээ уялдан хот өөрийн зөвлөлтэй байх, эрх зүйн байдал тодорхой хэмжээнд өөр байх, тавигдах шаардлагууд нь ч өөр байх асуудлыг тусгасан байна.
Хот бүр тусдаа захирагчтай, бас зөвлөлтэй байна.
Энэ нь бүсийн хөгжлийг дэмжих, 20 минутын хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгатай гэж эрх баригчид тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, 14 дэд хотод хувааснаар, дэд хот тус бүрдээ хариуцлагажна. Дэд хотууд ногоон байгууламж, нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг гээд бүхий л чиглэлд нэг стандарт баримтална. Ингэхээр Улаанбаатар хотын жигд бус хөгжил дэд хот тус бүрдээ бие даан ялгарна гэж үзжээ.
Хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс ийнхүү Нийслэл дотроо 14 дэд хоттой болох нь. Харин дэд хот тус бүрийг хэн удирдах вэ. Дэд хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг л анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-05-06