Н.Учрал: Ураны хайгуул, олборлолтыг хянах Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулна www.montsame.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тус төслийн хүрээнд ураны хайгуул, олборлолтыг хянах Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулахаар тогтсон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Өөрөөр хэлбэл, ураны хайгуул, олборлолтын явцад иргэдийн дунд үүсдэг эргэлзээ төөрөгдлийг арилгах, тэдний мэдэх эрхийг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орж ирж буй орлогыг орон нутгийн санд төвлөрүүлэх, цаашлаад Үндэсний баялгийн болон Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс уг тогтоолын төслийг баталсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга тодотгов.
Түүнчлэн ураны хайгуул, олборлолтын явц үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах, мал аж ахуй болон хүрээлэн буй орчинд үзүүлж буй цацрагийн нөлөө, орон нутагт үзүүлж буй санхүүгийн үр дүн зэрэг холбогдох асуудлаар хяналт тавьж ажиллахыг албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон аж.
Нийтэлсэн огноо2025-05-07