Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Их хурлаар ерөнхийлөгчийг нөхөн сонгоно www.montsame.mn
Бизнесийн төлөөллийн, олон нийтийн хамгийн том байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын 22 дугаар Их хурал маргааш, 11 дүгээр сарын 28-нд болох гэж байна. Ээлжит бус тус Их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг нөхөн сонгох юм. Учир нь өмнөх ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентын гишүүн болоод байгаа юм.
Ерөнхийлөгч нь Танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлдөг. Мөн:
Удирдах зөвлөлөөс олгосон болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,
Танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
УИХ, Засгийн газар, төрийн болон ТББ-уудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах талаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байна.
МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар Танхимын гишүүн нь харьяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй юм.
МҮХАҮТ-ын ээлжит бус 22 дугаар Их хуралд оролцох гишүүдt; мандат олгож эхлээд байна. Их хуралд мандатын эрхтэй оролцох гишүүдэд:
МҮХАҮТ-ын дүрмийн 6.4-т зааснаар Үндэсний танхимын гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно.
Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно.
Итгэмжлэлээр оролцох албан тушаалтан нь байгууллагын албан тоотын хамт НДШ-ийн лавлагааг E-Mongolia системээс татаж хавсаргах зэрэг шаардлага тавьжээ.
Нийтэлсэн огноо2024-11-27