Нэгдсэн төсвийн тэнцэл ₮1.4 их наядын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурчээ www.bloombergtv.mn
Төсвийн зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 88.3 хувиар өссөн нь нөлөөлөв
Монгол Улсын нэгдсэн төсөв оны эхний 11 сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Сангийн яам мэдээллээ. Төсвийн тэнцлийн ашиг 2023 оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буурсан байна. Хэдий тийм боловч төсвийн зардлын тэлэлт 31.7 хувь буюу 24.7 их наяд төгрөг боллоо.
Тайлант хугацаанд төсвийн зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөг буюу 88.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Үүнээс гадна хөрөнгийн зардал 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсын төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хөгжиж буй бусад улс оронтой харьцуулахад 3.2 нэгж хувиар өндөр байгааг ОУВС-ийн тайланд онцолж байсан юм. Төсвийн зарлага 2018 онтой харьцуулахад гурав дахин өсжээ. Цаашид орлогын өсөлтийг дагуулж төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах шаардлагатайг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм.
Мөн нийт орлого тусламжийн хэмжээ 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого тэр дундаа ААНОАТ бүрдүүлдэг.
“Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүдийн үзэж буйгаар төсөв тэлж, Засгийн газрын зардал өсөхийн хэрээр аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт бий болох эрсдэлтэй аж.
Аж ахуйн нэгжид төвлөрсөн татварын бодлогыг халж, хувь хүн татвар төлдөг тогтолцоо руу шилжих шаардлагатайг судлаач С.Боргил онцолж байсан юм.
Нийтэлсэн огноо2024-12-18