Х.Нямбаатар: Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн баяжуулсан нүүрсээр солино www.gogo.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажилласан.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм.
Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ. Мөн шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино гэдгийг хэллээ.
Тодруулбал “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цех, гурван технологийн шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжид сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилнэ.
Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солих, шигшин ангилалт болон стандартын шинэчлэлүүдийг хийнэ. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна гэв.
Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл хангаж байна. Уг хуулийн төсөл нь таван үндсэн бүлгээс бүрдсэн аж.
Нэгдүгээрт, агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулна.
Тодруулбал, Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Хийн түлшний шугам татах зураг төсөл боловсруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж, амины орон сууц болон гэр сууцанд 2 төрлөөр төлөвлөлт хийнэ.
Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах 147 мянга гаруй айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ нэгдүгээр сард багтаан зарлана. Мөн нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөлөө.
Гэр хорооллын айл өрхийн 198 мянган яндан, өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган мянган тээврийн хэрэгсэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станц зэрэг агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлсэд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслөөр зохицуулалт хийгдэх юм. Мөн дараагийн ээлжид үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх зохицуулалт хийнэ гэжээ.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Нийтэлсэн огноо2025-01-08