“Xanadu Mines” компани A$0.055-ын үнэтэй, 26.5 сая хувьцаагаа “Jinping Mining”-д зарлаа www.bloombergtv.mn
Стратегийн түншлэлийн III шатанд “Xanadu Mines”-ийн 50 хувийг “Zijin Mining Group” 35 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцжээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани нэгж хувьцаа нь 0.055 австрали долларын үнэтэй, нийт 26.5 сая хувьцаагаа “Zijin Mining Group”-ийн охин компани “Jinping Mining”-д худалдлаа. Ийнхүү 2024 оны 11 дүгээр сард зарласан хэлцлээ эцэслэж байна.
“Xanadu Mines” компани БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй гурван үе шат бүхий стратегийн түншлэл эхлүүлээд байгаа юм. Түншлэлийн эхний шатанд “Xanadu Mines” компани 139 сая ширхэг энгийн хувьцаа худалдаж, 5.56 сая австрали доллар босгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард дуусгасан бөгөөд үр дүнд нь тус компанийн 9.9 хувийг “Zijin Mining Group” компани эзэмшиж байна. Харин II шатанд нэмж 7.2 сая австрали доллароор хувьцаа худалдан авч, эзэмшлийн хувийг 19.99 хувь болгожээ. Хэлцлийн III шатанд “Xanadu Mines”-ийн 50 хувийг “Zijin Mining Group” 35 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцсон байна.
Тус компани 2026 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2027 оны эцсээр зэс-алтны “Хармагтай” төслийнхөө үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зорьж байна.
Урьдчилсан ТЭЗҮ-ийн тооцооллоор “Хармагтай” уурхайн насжилт 29 жил буюу олборлолт нь 2056 он хүртэл үргэлжилнэ гэж үзжээ. Энэ хугацаанд төслөөс жилд дунджаар 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолсон байна.
Энэ нь “Хармагтай” төслийг дэлхийн түвшний өндөр ач холбогдолтой төсөл болгож буйг “Xanadu Mines” онцолж байв. Тус компани энэ онд багтаан төслийн үндсэн ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг батлуулах хүлээлттэй байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-01-10