“TMK Energy”-ийн олборлосон хий III сард 10,000 м3 давж, дээд түвшнээ шинэчлэв www.bloombergtv.mn
"TMK Energy” 2025 оны дунд үед дахин нэг туршилтын цооног гаргахаар төлөвлөж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал онцлов
Монголд метан хий олборлож буй Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани гуравдугаар сард "Гурвантэс XXXV" төслөөсөө олборлосон хийн хэмжээ нь дахин дээд түвшнээ шинэчилснийг мэдээллээ.
Төслийн талбай дахь зургаан цооногоос сарын турш 10 мянга гаруй метр куб хий гаргаж авсан нь өмнөх сарын олборлолтоос 10 хувиар давсан үзүүлэлт болсон байна.
Эдгээр эерэг дүнгүүдийг харгалзан “TMK Energy” 2025 оны дунд үед дахин нэг туршилтын цооног гаргахаар төлөвлөж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Дугалл Фергусон онцолжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөж, арилжаалах боломжтой түвшинд хүргэхэд дэм болно гэж үзсэн байна.
Тус компани олборлосон хийгээ эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сард ХБНГУ-ын "Jens Energie"-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, өдөрт 5000-15000 куб метр хий худалдахаар болсон юм.
Өнгөрсөн онд тус компани 7.9 сая ам.долларын шинэ санхүүжилт татсаны 92 орчим хувийг хайгуул, үнэлгээний ажилд болон “Гурвантэс XXXV” төсөлд нэмэлт гурван цооног өрөмдөх ажлаа санхүүжүүлжээ. “Гурвантэс XXXV” төслийн зургаан цооногоос зэрэг хий олборлож буй тус компанийн олборлолт нэгдүгээр сард 390 хувиар өссөн бол хоёрдугаар сард дээд амжилтаа 14 хувиар давуулснаа мэдээлж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-04-07