“Телеграм”-аар залилуулсны улмаас амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ www.eguur.mn
2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгдсэн байна.
Он гарснаас хойш уг аппликейшнаар дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын банкнуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Сэрэмжлүүлэг:
Сэжигтэй санал, зар сурталчилгаанд итгэхгүй байх: “Телеграм” болон бусад мессенжер аппликейшнээр ирдэг “даалгавар биелүүлж мөнгөө өсгөх” гэх мэт саналууд нь ихэвчлэн залилангийн шинжтэй байдаг.
Санхүүгийн мэдээллээ хамгаалах: Хувийн болон санхүүгийн мэдээллээ танихгүй хүмүүст илгээхгүй байх, мөнгө шилжүүлэхээс өмнө тухайн хүний үнэн зөв байдлыг нягтлах.
Сэжигтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах: Хэрэв та залилангийн хохирогч болсон бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт яаралтай хандаж, хохирлыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.
Цахим орчинд болгоомжтой байж, сэжигтэй санал, мэдээлэлд хянуур хандах нь таны эд хөрөнгө, сэтгэл санааг хамгаалахад чухал үүрэгтэй юм.
Нийтэлсэн огноо2025-05-20