Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна www.montsame.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-нд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.
Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс 1963 оны долоодугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.
Нийтэлсэн огноо2025-05-21