1 T. DORJKHAND: BE RESPONSIBLE, PEOPLE’S PARTY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/22      2 SIXTH CONFERENCE OF THE MONGOLIAN PEOPLE’S PARTY CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      3 YOUNG MONGOLIANS DEMAND PM RESIGN OVER CORRUPTION CLAIMS WWW.WFXG.COM PUBLISHED:2025/05/22      4 PRESIDENT OF THE REPUBLIC OF AUSTRIA TO PAY A STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      5 CHINA BEGINS CONSTRUCTION OF NEW LINE TO MONGOLIAN BORDER WWW.RAILWAY.SUPPLY PUBLISHED:2025/05/22      6 INDONESIAN COAL SHIPMENTS TO CHINA SLIDE AMID NEW BENCHMARK PUSH WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/22      7 MONGOLIA AND INDONESIA PLAN VISA-FREE TRAVEL WWW.EN.TEMPO.CO  PUBLISHED:2025/05/22      8 OVER 17,000 PARTICIPANTS REGISTERED TO RUN IN THE “ULAANBAATAR MARATHON-2025” INTERNATIONAL RACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      9 ADB LAUNCHES NEW PARTNERSHIP STRATEGY TO SUPPORT MONGOLIA’S DIVERSIFIED, INCLUSIVE, AND SUSTAINABLE GROWTH WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/21      10 MONGOLIA ISSUES E-VISAS TO 16,930 FOREIGNERS IN FIRST 4 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/21      ТӨВ ЗАМ БОЛОН УУЛЗВАРЫГ БЯМБА ГАРАГТ ХААНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ЗЭРГИЙН НАРИЙСЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 8000 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД МОД ТАРИНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/22     Г.ЭНХБАТ: MMC-ИЙН ЯМАР Ч БАРЬЦААГҮЙ ГАРГАСАН БОНДЫГ "БАРЬЦААТАЙ" ГЭЖ ЗОРИУДААР МУШГИН ГУЙВУУЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     Л.ГАНТӨМӨР: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ БОДЛОГО ГАРГАСАН ХҮНИЙ ХУВЬД НАМЫН ДАРГЫН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     МОНГОЛ УЛСАД “АЛТАН ХАЙЧ” ХОНЬ НООСЛОХ, НООС БОЛОВСРУУЛАХ УР ЧАДВАРЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ "ЭХЛЭЛ БРЭНД" ХХК 9.3 ТЭРБУМААР ХУДАЛДАН АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     14 МЕГА ТӨСЛИЙН ТАВ НЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/21     САЙД Б.БАТЦЭЦЭГ ИНДОНЕЗ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21    

Г.Энхбат: MMC-ийн ямар ч барьцаагүй гаргасан бондыг "барьцаатай" гэж зориудаар мушгин гуйвуулж байна www.itoim.mn

"Энержи ресурс"-ийн толгой компани болох Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /MMC/ 2030 он хүртэл 350 сая ам.долларын бондыг өнгөрсөн гуравдугаар сард олон улсын зах зээлээс босгожээ. Тэгвэл энэхүү бондтой холбоотойгоор "Энержи ресурс" компани Ухаа худаг ордыг гаднынхны барьцаанд тавьж, 350 сая ам.доллар зээлсэн гэх мэдээлэл гарах болсон. Ер нь бонд гэж юу болох, барьцаанд орд газар тавьж болох эсэх асуудлаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбаттай ярилцлаа.
-"Энержи Ресурс" компани Ухаа худаг ордыг барьцаалаад 350 сая ам.доллар гаднаас арилжаалсан гэх асуудал шуугиан дэгдээгээд байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-MMC компани 350 сая ам.долларын бондоо 2025 оны гуравдугаар сард гаргасан. Гэхдээ энэ шинэ бонд биш. Энэ нь өмнөх 220 сая ам.долларын бондоо эргэн төлөх зорилготой гаргасан бонд. Нийгэмд сенсац үүсээд байгаатай холбоотойгоор энэ бондыг нууцаар гаргасан гээд байх шиг байна. Түүх яривал "Энержи ресурс" компани төмөр замын бүтээн байгуулалт хийх зорилгоор олон улсын зах зээлд 2012 онд анх удаа 600 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай арилжаалсан. Энэ нь 2017 онд дуусах байсан ч төр төмөр замын төслийг өөрөө хэрэгжүүлэх болсонтой холбоотой бондыг эргэн төлөхөд хүндрэл учирч, дефолт зарлаж байсан. Өөрөөр хэлбэл, төлж чадахгүйд хүрсэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд хэлцэл хийсний үр дүнд 2019 онд дахин бонд гаргасан. Тухайн бондыг дөрвөн жилийн хугацаанд буюу 2023 онд амжилттай төлж дууссан байдаг. Улмаар 2024 онд 12.5 хувийн хүүтэй 220 сая ам.долларын бондыг гурван жилийн хугацаатай арилжаалсан. Энэ бондын цаг нь таараагүй буюу хэт өндөр хүүтэй байсан тул 350 сая ам.долларын бондыг дахин босгосон. Тэгэхээр олон нийтэд зориудаар буруу ойлголт өгөөд, мушгин гуйвуулж байна. Улс төрийн орчин тогтворгүй байгаа энэ үед мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй.
-Хамгийн гол нь Монголын баялгийг барьцаанд тавиад өрөнд оруулаад байна гэдэг асуудал яригдаад байгаа. Орд барьцаалаад бонд босгож болох уу?
-Bloomberg дээр энэ бондын хэмжээ, хугацаа, хүү, тухайн компани барьцаатай, баталгаатай юу гээд бүх мэдээлэл байдаг. Үүнд, Sr unsecured гэж байгаа. Sr нь энгийн өр төлбөрийг бодвол арай дээд түвшний буюу түрүүлж төлөх ёстой. Unsecured гэдэг нь барьцаагүй гэсэн үг. Барьцаатай бол Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байлгүй дээ. Бүртгүүлээгүй бол үүнийгээ тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол ард иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байна. Хоёрт, өрийн нөгөө талд актив байгаа. Бэлэн мөнгөөр эсвэл тоног төхөөрөмж болсон актив байх ёстой. Өрөө л яриад байдаг. Активаа ярихгүй байна. Тухайн активаа зүй зохистой ашиглаач. Зөв газар байршуулж өрийн менежментийг хийгээч. Түүнчлэн, 12.5 хувьтай бондоо 8.44 хувьтай болгоно гэдэг маш том амжилт. Дөрөвдүгээр сарын шуурганаас өмнө "Энержи ресурс" бондоо гаргаж амжсан. Дэлхийн зах зээл маш тогтворгүй байна, одоо бондын хүү 10-11 хувиас буухгүй. MMC зах зээлээ ойлгоод, мэдрээд томоор, зөв хөдөлж байхад үүнийг нь улстөржүүлж тайлбарлах нь буруу. "Энержи ресурс"-ээс гадна өчнөөн арилжааны банк, санхүүгийн байгууллага, ААН-үүд гадаадаас бонд босгож, зээл авсан байгаа. Тэдний зарим нь барьцаатай байгаа. Ер нь Монголын бүх л зүйл барьцаанд байгааг бүгд мэднэ. Гэтэл тэндээс нэгийг нь сугалаад ингэж ярьж болохгүй.
Хэрвээ 2017 оноос хойш хоёр жилийн хугацаанд дефолт зарласан бол барьцааны асуудал үүснэ. Хоёрт, энэ бонд Монгол Улсын хуулиар биш Нью Йоркийн хууль тогтоомжоор шийдэгдэнэ. Олон улсын зах зээл дээр ийм л тоглоомын дүрэмтэй. Тэр тоглоомын дүрмээр л гаргасан. Тэгэхээр энэ бол Ухаа худгийн баялгийг барьцаанд тавьж бонд гаргасан асуудал биш. Ер нь компани бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа тул барьцаа тавиад бонд босгож болно. Өөрт байгаа зүйлээ барьцаанд тавиад үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явах л ёстой. Энэ улсаа худалдсан том асуудал биш, бизнесийн зарчим гэдгийг мэдэх нэг нь мэдэж байгаа.
-Бондын хүү нь одоогийн зах зээл дээр арилжаалж байгаагаас харьцангуй бага байна. Нэлээд тааламжтай үеийг ашиглаж гаргасан гэсэн үг үү?
-Бондын хүү 8.44 хувь байна. Монгол Улсын Засгийн газрын бондын хүү өнгөрсөн дөрөвдүгээр сард 8 хувь хүрсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газартайгаа адилхан эрсдэлийн түвшинд очсон. Валютын нөөц багасаж байгаа учраас нүүрс, алтаа урьдчилж заръя, Хятадын Засгийн газартай своп хэлцлээ дахин шинээр байгуулж мөнгөө авъя гээд сенсац боллоо. Энэ их мэдээллийн үндсэн дээр гэнэт манай олон улс дээр арилжаалж байсан Засгийн газрын бондуудын өгөөж өсөөд, ханш нь унасан. Одоо яах вэ, Засгийн газрын эрсдэл буураад 6.5 хувь руу очсон байна. Тэгэхээр корпорайт бонд нь Засгийн газраасаа 1.5 нэгж хувиар дээш өртөгтэй байна гэдэг маш том боломж, хямдхан орлогын эх үүсвэр. Энэ эх үүсвэрийг Монгол Улсдаа оруулж ирээд үр ашигтай ашиглахад илүү санаа зовох хэрэгтэй. Тэрнээс биш бондод санаа зовох нь дараагийн асуудал.
-Бондтой холбоотой асуудлыг улстөржүүлж байгаа нь эдийн засагт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх үү?
-Ямар ч бизнес тогтвортой байх нь чухал. Хэт өндөр өсөлт хийгээд эсвэл ашиг нь буураад байж болохгүй. Сав л хийвэл улстөрчид орж ирээд ямар нэгэн хууль гэнэт батлаад буюу шууд 34 хувийг эзэмшинэ гэдэг ч юм уу энэ нөхцөл байдал руу ороод байвал хүсээд байгаа гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Монгол Улсын төгрөг олон улсад хүргэхгүй. Бид төгрөгөө хэчнээн их хайрлах тусам ханш нь унаад байна. Янз бүрийн бодлогын арга хэрэгсэл, хязгаарлалт тавьж эхэллээ. Төгрөгийн ханш нялх хүүхэд биш шүү дээ. Хүн болгоны ухамсарт доллар ховор гэдэг ойлголтыг өгөөд байхаар хүмүүс хүссэн, хүсээгүй төгрөгөө зарж доллар худалдаж аваад байна. Хэдийгээр өөрт нь шаардлагагүй ч гэсэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож доллароо ашиглаад байна.
Манай төр эхлээд байгаа хэдээ хайрлаач, дараа нь шинэ хөрөнгө оруулалт татна гэж ярь
-Төгрөгийг хэт хайрлаж байгаагаас болж ханш нь сулраад байна гэлээ. Тэгвэл үүнийг яах хэрэгтэй вэ?
-Хувь хүнд зөвлөвөл төгрөгийн ханш сулраад байвал доллар, алт худалдаж ав гэж хэлнэ. Би хэлэхгүй байлаа ч өөр хүн хэлнэ. Нийгмийн сэтгэл зүй гэдэг ийм аюултай. Тиймээс төгрөгийн ханшаа битгий хайрлаач гээд байгаа. Үндэсний мөнгөн тэмдэгтээр ажил, үйлчилгээ үзүүлэх хууль гэж бий. Энэ нь 2008-2009 онд баталсан хууль. Тухайн үедээ энэ хууль үүргээ гүйцэтгээд дууссан. Одоо энэ хуулийг өөрчилмөөр байна. Бид валютаар дотоодын зах зээлд бонд гаргах, төлбөр тооцоо хийхэд ч Монголбанкнаас зөвшөөрөл авна. Энэ нь маш асуудалтай. Бодлого тодорхойлогчид ам.доллароо дараад төгрөгөө хайрлаад байгаа. Хайрлаад амжилт олсон зүйл байхгүй. Нөгөө талдаа Хятадын нүүрсний үнэ унадаг цикл нь эхэлсэн. Одоо дөнгөж эхний жил нь явж байна. Дахиад хэдэн жил үргэлжилбэл яах вэ гэдэг том асуудал.
Өмнө нь 2015-2019 оны түүхий эдийн уналтын үед манай улс Олон улсын валютын сангийн урьдчилсан санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгэхэд манай улс дефолт зарлахдаа тулж байсан. Тухайн хөтөлбөрөөс "та нар орлогоо олж чадахгүй, зарлагаа хянаж чадахгүй байвал орлогоо өсгө" гэсэн. Иймд орлогоо татвараар өсгөхөөр болсон. Тухайн үед 10 хувийн татвар руу орж чадаагүй ч нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг шат дараатай өсгөх үүрэг, амлалтыг хүлээгээд хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг одоо ард иргэд үүрч явж байна. Ер нь ирээдүйдээ бэлдсэн хуримтлалыг Монгол Улс бэлдэж байх ёстой.
-Засгийн газраас мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татах гэж хичээж байгаа. Гэтэл ийм асуудал даамжраад байхаар эргээд гадаадын хөрөнгө оруулалт татахад хэцүү болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Гаднаас хөрөнгө оруулалт татах нь чухал ч эхлээд байгаа хэдийгээ хайрлая. Гаднын хөрөнгө оруулагч орж ирэхдээ хамгийн түрүүнд танай хөрөнгө оруулалтын орчин ямар гэдгийг асууж мэдээлэл харна, тэгээд шийдвэр гаргана. Гэтэл бид дотроо бужигнаантай байж гаднын хөрөнгө оруулалт хүсдэг. Мега төслүүдэд бараг манай ДНБ-ийг гурав дахин нугалсан хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Уг нь бүх зүйл зэрэгцэх буюу мөнгөтэй байж үйл ажиллагаа нь явах ёстой. Гэтэл Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэрээ шийдээгүй байж түрүүлээд алхаад явсан. Тиймээс төсөв дээр хэт ачаалал үүсээд байх шиг байна. Энэ нь гадна болон дотоод зах зээлд буруу мэдээлэл өгөөд байгаа.
-Монголын бизнесийн байгууллагад олон улсын зах зээлд бонд гаргахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Хамгийн түрүүнд олон улсын зах зээл бонд гаргагч зээлжих зэрэглэлээ заавал тогтоолгосон байх ёстой. Тодруулбал, Moody's, Fitch Ratings, S&P Global Ratings зэрэг байгууллагын хамгийн багадаа хоёроор нь тогтоолгосон байх ёстой. Ямар нэгэн байдлаар олон улсад бондоо гаргаад Монгол Улсдаа аваад ирэхээр манай дотоод эх үүсвэр үнэтэй болоод байгаа. Санхүүгийн байгууллагууд тухайн эх үүсвэрийг оруулж ирээд Монголд доллароор ашиглахгүй. Ихэнхдээ төгрөгөөр ашиглана. Иймээс ханшийн эрсдэлд орохгүйн тулд Монголбанктай своп хэлцэл хийдэг. Своп хэлцлээр нь өнөөдрөөс ирээдүйн таван жилийн ханшаа тохирч байгаа гэсэн үг. Энэ ханшийн зөрүү гэж байна. Мөн төгрөгийн өөрийнх нь өртөг гэж байгаа. Бодлогын хүү дээр нэмэх нь дөрвөн нэгж хувь байна. Үүнийгээ нэмээд олон улсын зах зээл дээр гаргасан бондын өртгөө нэмэхээр жишээлбэл арилжааны банкнууд 17-18 хувийн хүүтэй эх үүсвэртэй болно. Манай энгийн хадгаламжийн хүү 12 хувь байна шүү дээ. Гэтэл олон улс дээр гарахаар 16-17 хувийн хүү болдог. Ийм хүүтэй эх үүсвэрээ цаашаа зээлэхдээ 20 гаруй хүүтэй болгож өгнө. Тэгэхээр энэ бол том асуудал. Дотоодын нөөц, бололцоо шавхагдаад байна. Гаднаас мөнгө орж ирж байж дотоодын нөөц, бололцоо тэлэх ёстой. Гэтэл гаднаас доллар оруулаад ирэхээр хүн болгон үзэн ядаад, буруутгаж байна. Монгол Улсдаа оруулж ирсэн хойно өртөг нь өндөр байгаа асуудлыг шийдэх ёстой. Шийдэхийн тулд хамгийн түрүүнд төсвийн сахилга батаа барих хэрэгтэй. Макро эдийн засаг сайжирвал зээлжих зэрэглэл сайжраад эхэлнэ. Сүүлийн хэдэн жилд анх удаа B+ зэрэглэл рүү орсон. Үүнийгээ дахиад сайжруулах ёстой. Сайжруулах тусам Засгийн газар болон ААН-ээс гаргаж байгаа бондын өртөг багасаж орж ирнэ. Өртөг нь багасаад ороод ирвэл бизнес хийж болно. Магадгүй зээлжих зэрэглэл сайтай оронд гадаадын хөрөнгө оруулагчид дуртай орж ирнэ. Эдийн засгийн өсөлтөд мэдээж бидэнд валют хэрэгтэй. Валютын татахын тулд заавал бонд гаргах албагүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах нь чухал. Энэ нь зардалтай зүйл биш. Тухайн хөрөнгө оруулагчид өөрсдөө эрсдэлээ үүрээд доллар оруулж ирдэг. Тиймээс үүнийг дэмжих хэрэгтэй.
-Ер нь зээлжих зэрэглэлдээ хэрхэн анхаарах нь зүйтэй вэ?
-Макро эдийн засгийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Мөнгө нийлүүлэлтээ хэт их битгий нэмээч. Нэмэх шаардлагатай бол гаднаас орж ирж байгаа валюттай уялдаж нэмээч. Валют нь орж ирээгүй байхад төгрөг үйлдвэрлээд байвал газар доороо эргээд байх болно. Төгрөг хэвлээд л байвал эдийн засагт ороод халалт үүсгээд инфляцыг өсгөөд байна. Энэ нь хадгаламжийн хүүг өсгөнө. Хадгаламжийн хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Ингэснээр ААН-үүдийн зардал өснө. Ингээд л чөтгөрийн тойрог болоод байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улс хөрөнгө оруулалтын орчноо яаж өөрчлөх хэрэгтэй вэ?
-Тогтвортой байлгах нь чухал. Оюу толгойн гэрээг 2009 онд хийгээд 2012-2013 онд зогсоосон. Дараа нь 2016 онд гэнэт Дубайн гэрээ гэж хийгээд үргэлжлээд явж байна. Хэд дахин өөрчилчхөв дөө. Одоо Оронагийн гэрээ гээд явж байна. Гэрээ хийсний дараа баахан үйл явдал боллоо. Н.Учрал сайд орд байгаа газарт нь ураны шинжилгээ хийх лаборатори байгуулъя гэтэл хойшлууллаа гэсэн. Ингээд л бид тогтворгүй байгаад байна. Асуудал тогтвортой байвал бүх зүйл зүгээр.
Санаж байвал 2019-2021 оны хагас хүртэл долларын ханш 2850 төгрөг дээр дээш бараг хоёр жил гацсан. Энэ үед инфляц, ард иргэдийн сэтгэл зүй гээд бүх зүйл тогтвортой байсан. Ковидоос хойш маш замбараагүй байдал бий болоод байна. Тэгэхээр цаашид олон улсын зээлжих зэрэглэлээ сайжруулах тал дээр хаа хаанаа анхаарах шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
BY
Ганхуяг ХЭРЛЭН
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-05-22