АУДИТ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өр өсгөв www.news.mn
Жил бүрийн өдийд Үндэсний аудитын газраас уламжлал болгон Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулдаг. УИХ-аар тус аудитын дүгнэлтийг хэлэлцдэг боловч түүнд анхаарал хандуулж, илэрсэн алдаа дутагдал, зөрчил, завхралыг арилгах, буруутай этгээдүүдээс хариуцлага нэхдэг тогтолцоо алга. Тийм ч учраас аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт уламжлал төдий улиг болж, шүдгүй арслан гэх шүүмжлэл тус байгууллагыг тойрох биш дайрч цамнаад удлаа. “Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан”-д дурдсанаар 5559 төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит 638 хуулийн этгээд, 370 төрийн сан, 349 төсөл, сан болон Төв төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг нийт 6916 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Үндэсний аудитын газраас гаргасан аудитын дүгнэлтэд дурьдсан зарим ноцтой асуудлыг тоймлон хүргэж байна
ӨНГӨРСӨН ЖИЛ ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ТОО 117-ГООР НЭМЭГДЭЖ ТӨР УЛАМ ДАНХАЙВ
Аудитын дүгнэлтээр өмнөх онтой харьцуулахад төсөвт байгууллагын тоо 117, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд 19, төсөл, сан 54-ээр тус тус нэмэгдэж, нийт санхүүгийн тайлагналт гаргасан байгууллагуудын тоо 190 болж өссөн байна.
Энэ бол нэг жилийн дотор төр ямар хэмжээгээр данхайж, томорсон бэ гэдгийг бодитоор илэрхийлсэн үзүүлэлт юм. Тоо худлаа хэлдэгггүй. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд дарга нар аман дээрээ төрийн албан хаагчдын тоог бууруулах, чадварлаг, хүртээмжтэй цомхон төрийг бий болгох тухай улиг болтол ярьсаар л байгаа юм.
Засгийн газрын байгууллагууд тэр дундаа төсвийн байгууллагуудын тоо, төсөл, сангуудын тоо нэмэгдэж байгаа нь хүн амын өсөлт болон төрийн үйлчилгээний хамрах хүрээ ихэссэнтэй холбоотой гэж нэг талаас холбон тайлбарлах боловч өнөөдөр төрийн толгойны өвчин болсон Засгийн газрын хэт нүсэр болон данхгар төрийг бий болгоход чухам нөлөөлж байна. Тиймээс тоог нь олшруулж, хүртээмжийг нь нэмэх шаардлага нэн тулгамдаад байгаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль сахиулах салбар, онцгой байдлаас бусад салбарын байгууллагуудын тоог цаашид нэмэхээс зайлсхийх шаардлагатай гэдгийг аудитын байгууллагын дүгнэлтэд анхааруулсан байна. Нэг байгууллага нэмэгдэх нь дарга, ажилтнууд болон тэдгээртэй холбоотой төсвийн болон төрийн байгууллагуудын урсгал зардал нэмэгдэх гол шалтгаан болж байна гэжээ.
ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨХ ТАТВАР НЭМЭГДЭВ
Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны орлого, зарлагын бүтцийг шинжилж үзэхэд үйл ажиллагааны орлогод татварын орлогын эзлэх хувь 2022 онд 54.3 хувь байсан бол 2023, 2024 онд буурч 51.1 хувьд хүрсэн байна. Үүний дотор ХХОАТ, ААНОАТ зэрэг орлогын албан татварын эзлэх хувь 12.3 хувиас 16.3 хувь болж өссөн бол НӨАТ-ын эзлэх хувь 12.6 хувиас 10.4 хувь хүртэл буурчээ. Татварын бус орлогод нийтлэг татварын бус орлого өндөр хувийг буюу 42.7-46.5 хувийг эзэлдэг болсон байна. Дээрх тоо баримт бол Монгол Улсын эдийн засгийн брдит үр дүн, өнгө төрх. Татварын орлого жил бүр буурч, ХХОАТ, ААНОАТ-ын үзүүлэлт өссөн байгаа нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үүрэх ачаа нэмэгдэж, дарамт өссөн байгааг илтгэж байна. Улмаар НӨАТ-ын хувь хэмжээ ч 12.6 хувиас 10.4 хувь хүртэл буурсан байна.
БУСДААР ГҮЙЦЭТГҮҮЛСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ХУРААМЖ НЭРИЙН ДОР 34,390.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн “2.4. Аудит хийсэн нэгтгэсэн мөнгөн гүйлгээний тайлан” дахь нийт зарлага ба цэвэр зээлийн дүн өмнөх онтой харьцуулахад 27,213.5 тэрбум төгрөг буюу 68.12 хувиар нэмэгджээ. Энэ өсөлтийн дийлэнх хэсэг буюу 25,171.6 тэрбум төгрөг нь "Бараа, ажил үйлчилгээний зардал" байна. Бараа, ажил үйлчилгээний зардлын өсөлтөд голлон нөлөөлсөн зардал нь “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардал” бөгөөд өмнөх онд 13,769.9 тэрбум төгрөг байсан бол тайлант онд 20,620.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 34,390.1 тэрбум төгрөг болжээ. Улсын нэгдсэн төсвийн урсгал зарлагад эзлэх “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж”-ийн дүн 2024 онд 1,422.1 тэрбум төгрөг байсан. Харин үлдэх 32,968.0 тэрбум төгрөг нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд, төсөл, санд ногдож байна.
Төрийн болон орон нутгийн хуулийн этгээдүүд болон төсөл, сангийн “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж”-ийн зардал нь Улсын нэгдсэн төсвийн нэг жилийн зарлагатай тэнцэх хэмжээний хөрөнгө болж байгаа нь энэ зардлын ангиллын хүрээнд маш их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгааг харуулж байна.
Түүнчлэн “Бараа үйлчилгээний бусад зардал” өмнөх онтой харьцуулахад 1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тиймээс цаашид энэхүү зардлын ангиллын хүрээнд зарцуулагдах хөрөнгийн хүрээ, хязгаар, дэд ангиллыг тодорхой болгох, ялангуяа “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж” гэсэн зардлын ангиллыг тодорхой болгох шаардлагатай байна. Сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны зардал үндсэндээ урсгал зардалтайгаа тэнцүү байгаа бөгөөд уг зардлын 2/3-ыг бараа, үйлчилгээний зардал эзэлж байгаа гэдгийг аудитын байгууллагаас анхааруулсан байна. Үүний дотор 2022, 2023, 2024 онд “Цалин хөлс, нэмэгдэл урамшил” харгалзан 16.6 хувь; 17.3 хувь; 20.1 хувь болж эзлэх хувь нь нэмэгдэж буй хэдий ч “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж” харгалзан 22.9 хувь; 29.3 хувь; 26.3 хувийг эзэлж, урсгал зардалд хамгийн өндөр хувьтай зардал болжээ.
ТӨРИЙН САНГИЙН ҮЛДЭГДЭЛ МӨНГӨ АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛЖ БАЙНА
Засгийн газрын мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 14,545.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2,454.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнээс “банканд байгаа бэлэн мөнгө” 12,127.9 тэрбум төгрөг байгаа нь нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн 83.4 хувь болж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийнх 5,290.5 тэрбум төгрөг, төрийн санд 2,982.3 тэрбум төгрөг, төсөл/сангуудад 5,525.7 тэрбум төгрөг байна. Төсвийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн арилжааны банканд хадгаламж хэлбэртэй байршиж байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 1,802.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2,007.5 тэрбум төгрөг болсон байна. Гэтэл Засгийн газар, Сангийн яам төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан үнэт цаасны дүн 303.4 тэрбум төгрөг болж, түүний хүүгийн зардалд 7.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс арилжааны банканд хадгаламж хэлбэртэй байршиж байгаа энэхүү 2 их наяд төгрөг бий болсон үндэслэл шалтгааныг тодруулах шаардлагатай бөгөөд цаашид Засгийн газар дотооддоо урт болон богино хугацаатай нэрлэсэн хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргахаас илүүтэй Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах замаар арилжааны банкнуудад хадгаламж хэлбэртэй байршиж байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг үр ашигтай ашиглахад анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг аудитын байгууллагын дүгнэлтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл 2 их наяд төгрөгийн хадгаламжийг арилжааны банкууд зээлийн эх үүсвэрээ болгож иргэд, аж ахуйн нэгжүүдэд эргүүлээд өндөр хүүтэй зээл олгох эх үүсвэрээ болгож байгаа нь хэн нэгний эрх ашигт үйлчилсэн хэрэг ч байж болох юм.
Засгийн газрын байгууллагуудын банкны Хадгаламж дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2024 оны эцэст 2,007.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 1,802.4 тэрбум төгрөгөөр буюу 9.7 дахин өссөн байна.
Энэ дүн нь Улсын нэгдсэн төсвийн 2024 оны нийт зарлагын гүйцэтгэл болох 30,451.1 тэрбум төгрөгийн 6.5 хувьтай тэнцэж байна. Төсвийн байгууллагууд, төсөвт аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн байгууллагууд, Төрийн өмчит хуулийн этгээдүүд, сан, банк, Их, дээд сургуулиуд (Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, МУИС, МУБИС, ШУТИС, АУШИС, Хөгжийн банк зэрэг)-ийн банкин дахь хадгаламжийн үлдэгдэл өмнөх онд ч байсан бөгөөд энэ онд бас ийм үлдэгдэлтэй байна. Энэ нь Засгийн газрын бэлэн мөнгөний удирдлага хангалтгүйг харуулах төдийгүй тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, шинж чанараас хамаарч байгаа нь үнэн юм. Гэвч энэ үлдэгдэл арилжааны банкнуудын зээлийн хөрөнгийн эх үүсвэр болж байгааг таслан зогсоож, тодорхой хэмжээгээр Сангийн яамны Төв төрийн сантай хийх гэрээний үндсэн дээр хөрөнгийн менежментээр зохицуулж байх боломжтой гэж аудитын байгууллагаас үзсэн байна.
ТӨРИЙН САНГИЙН ХУРИМТЛАЛ БАГАСЧ, ӨР ӨСӨВ
Дараагийн бас нэгэн таагүй мэдээ гэвэл төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оноос 863.6 тэрбум төгрөгөөр буурч, 2024 онд 909.7 тэрбум төгрөг болжээ. Тиймээс аудитын тайлангаар илэрсэн зөрчлүүд болох “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-уудад байршиж байгаа 256.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэнийг анхаарч, буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, Монголбанктай хамтран төрийн санд татан төвлөрүүлэх шаардлагатай болсон байна. Мөн өмнөх онуудад хэрэгжээгүй нийт 1,787.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн барьцаа хөрөнгө болох 726.1 тэрбум төгрөгийг чөлөөлж, улсын төсвийн орлогод буцаан авах, цаашид төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгараагүй байхад санхүүжилтийг байршуулдаг асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах, төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах шаардлага үүссэн байна.
Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлангаас харахад нийт өр төлбөрийн үлдэгдэл 57,724.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2,529.8 тэрбум төгрөгөөр өсжээ.
Өр төлбөрийн нийт дүнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өр 22,074.7 тэрбум төгрөг, төрийн сангийн өр 33,784.9 тэрбум төгрөг, төсөвт байгууллагуудын өр 1,322.5 тэрбум төгрөг, төсөл, сангуудын өр 541.9 тэрбум төгрөг тус тус болжээ. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 32,021.5 тэрбум төгрөг гэж үзвэл дотоод өр 25,702.5 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс цаашид 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-аар батлагдсан “Өрийн удирдлагын тухай” хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт хийж, “Улсын секторын өр” гэсэн тодорхойлолтыг авч үзэн, түүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өрийг хамруулдаг байх, Өрийн удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйл буюу Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, зөрчил гаргасан төрийн албан хаагчдад ногдуулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх нь чухал байна гэжээ
ТӨСВИЙН ЗАХИРАГЧИД 541.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАВ
-Улсын болон орон нутгийн төсвийн захирагчид нь /ерөнхийлөн, төвлөрүүлэн, шууд/ жилийн эцсийн санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгийн үлдэгдлээ тайлагнадаггүй, зөрүүтэй тайлагнасан, тайланд нэгтгүүлдэггүй, төсвийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлдэггүй, зориулалтын бус зүйлд үр ашиггүй зарцуулсан, ажилчдын цалин, урамшуулал, нэмэгдлийг илүү, дутуу тооцож олгодог, сахилгын шийтгэлтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгодог, татвар суутгаагүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, бүрдэл дутуу, хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч зарлагын гүйгээг хийдэг, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй банканд төсвийн хөрөнгийг байршуулах, мөнгөн хөрөнгийг төрийн дансанд төвлөрүүлээгүй, арилжааны банкаар гүйлгээ хийсэн, батлагдсан төсвөөс харьяа байгууллагын зардлыг санхүүжүүлсэн зэрэг 541.9 тэрбум төгрөгийн зөрчил аудитын шалгалтаар илэрсэн байна. Энэ нь төсвийн сахилга бат, хариуцлага суларч, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчмууд алдагдаж байгааг Үндэсний аудитын газрын дүгнэлт харуулж байна. Эдгээр зөрчил нь өмнөх жилүүдийн аудитын тайлангаар байнга давтагдан гардаг бөгөөд тус Зөвлөлөөс өмнөх жилд адил дүгнэлт өгч анхааруулж байсан болно. Иймд төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, төсвийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах бодит шаардлага бий болж, Төсвийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль зэрэг хууль, тогтоомжуудад энэ талын харилцааг шинээр авч үзэж, шинэчлэн тусгах шаардлагатай байна гэжээ.
НИЙТ АВЛАГЫН ДҮН 6,811.7 ТЭРБУМ БУЮУ ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГЫН 21.6 ХУВЬТАЙ ТЭНЦЖЭЭ
Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлангаас үзэхэд 5 төсөвт байгууллагуудын авлага 728.9 тэрбум төгрөг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн авлага 3,101.7 тэрбум төгрөг, төрийн сангийн авлага 1,435.2 тэрбум төгрөг, төсөл, сангийн авлага 1,545.8 тэрбум төгрөг тус тус болж, нийт авлагын дүн 6,811.7 тэрбум буюу төсвийн нийт зарлагын 21.6 хувьтай тэнцсэн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн авлага 726.7 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн авлага 168.8 тэрбум төгрөг тус тус болжээ. Ийнхүү авлага өндөр байгаа нь Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, салбарын яамд төсөв, төрийн өмчийн хөрөнгийг зохистой удирдаж чадахгүй байгаагийн илрэл бөгөөд цаашид эдгээр байгууллагын тухайн оны төсвийн санхүүжилтийг авлагатай нь уялдуулан олгодог байх арга хэмжээг авах нь чухал болжээ. Цаашид үүнд илүүтэй анхаарч энэ авлагыг 2025 онд бүрэн багтаан барагдуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх, тодорхой хугацаатай даалгавар, чиглэл өгөх хэрэгтэй байна
АЛДАА ЗӨРЧЛИЙН ДҮН ӨМНӨХ ОНООС 7,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУЮУ 93.2 ХУВИАР ӨСЧЭЭ
Эцэст нь Засгийн газрын болон Төсвийн захирагчид (ерөнхийлөн, төвлөрүүлэн, шууд)-ын санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар нийт 15,719.97 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Энэхүү алдаа зөрчлийн дүн өмнөх оноос 7,582.5 тэрбум төгрөгөөр буюу 93.2 хувиар өсчээ. Бодлогын дүгнэлт, зөвлөмж: Нийт илэрсэн алдаа, зөрчлийн дүн нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 50 орчим хувьтай тэнцэж байгаа бөгөөд Засгийн газрын байгууллагуудын хувьд буюу нийт төсвийн захирагчид төсөв, санхүүгийн хууль, тогтоомжийг мөрддөггүйгээс гадна төсөв, санхүүгийн сахилга бат алдагдсан байгааг илтгэх томоохон баримт мөн. Цаашид төсөв, санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна гэжээ
“Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан”-д дурдсанаар нийт 6,832 төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, оролцоотой хуулийн этгээд, төсөл, хөтөлбөр нэгж хамрагдахаас 3,486 санхүүгийн тайланд нь аудитын дүгнэлт гаргажээ.
Аудитын дүгнэлтээр санхүүгийн тайланд хийгдсэн аудитын 18.9 хувь нь буюу 659 санхүүгийн тайлан нь “хязгаарлалттай”, 0.7 хувь нь буюу 25 санхүүгийн тайлан нь “сөрөг” дүгнэлттэй гарсан байна. Мөн орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар орон нутгийн төсвийн 22 төсвийн ерөнхийлөн захирагчдын 9 нь буюу 41 хувь нь “Хязгаарлалттай” болон 1 нь буюу 4.5 хувь нь “Сөрөг” гэсэн дүгнэлт авчээ. Өөрөөр хэлбэл, аудитад хамрагдсан байгууллагуудын 1/5 нь ямар нэг байдлаар “Хязгаарлалттай” болон “Сөрөг” дүгнэлт авсан нь төсөв, санхүүгийн сахилга бат алдагдах, түүнд тавих хяналт шалгалт, хариуцлага илтэд суларсныг харуулж байна. Бодлогын дүгнэлт, зөвлөмж: Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлт болох “Хязгаарлалттай” гэсэн санал, дүгнэлттэй Төсвийн тогтвортой байдлын Зөвлөл санал нэг байгаа бөгөөд УИХ-аас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбогдуулан Засгийн газарт төрийн болон төсвийн сахилга батыг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг ил тод, нээлттэй байдлаар авч хэрэгжүүлэх агуулга бүхий тодорхой үүрэг, чиглэл, даалгавар бүхий тусгайлан тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Нийтэлсэн огноо2025-06-27