Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар баримталж ажиллах бодлогоо танилцууллаа www.itoim.mn
“Монголын Эдийн Засгийн Форум 2025” өнөөдөр эхэлсэн. 15 дахь удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн чуулган "Маргаашийн төлөө хамтдаа" уриан дор хоёр өдрийн турш үргэлжлэх юм.
Форумын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын сурвалжлагч, CNN Майк Валериотой ярилцсан. Энэ үеэрээ Засгийн газрынхаа баримтлах бодлогыг танилцууллаа. Тэрээр "Эдийн засгаа төрөлжүүлэх нь маш чухал байна. Хэдийгээр Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай Засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно. Манай улс бол нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин соёл, үзэсгэлэнт байгаль дээрээ тулгуурлан аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлого барина. Дижитал үндэстэн болох цахим өөрчлөлтийг бүх төрийн байгууллагууддаа хэрэгжүүлнэ. Технологид суурилсан бизнесүүдийг Монгол залуустайгаа хамтран хэрэгжүүлнэ.
Мөн улс төрийн тогтвортой бодлого хөрөнгө оруулалтыг татахад маш чухал гэж бодож байна. Манай Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтарч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах бодлого барина. Татварын цогц шинэчлэлийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Намар гэхэд Татварын хуулиа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Түүнчлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар дамжуулж төрийн зөвшөөрлүүдээ танхимд шилжүүлж хүнд суртлыг арилгана. Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж, хөрөнгө оруулагчдаа хамгаалж, ээлтэй, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэлээ.
Нийтэлсэн огноо2025-07-08