Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна www.itoim.mn
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээний асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах талаар мэдээлэл хийлээ. Өмнөх Засгийн газар 250 сая тонн нүүрсийг 16 жил борлуулахдаа 10 тэрбум ам.долларын алдагдалтай байгуулсан бол буруу гэлээ. Энэ нь 36 их наяд төгрөг буюу манай улсын жилийн төсвөөс илүү алдагдал хүлээхээр байгаа учраас энэ гэрээг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын хянан шалгалтын түр хороог УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь дэмжиж байгуулдаг. Тавантолгойн орд бол монголчуудын гол баялаг байгаа газар. Үүнээс бид ашгаа хүртэж чадахгүй олон жил авлига хулгай нүүрлэсэн. Саяхан бид гэрээ байгуулсан. Төмөр замын хилээ холбох нь зөв. Гэхдээ энэ гэрээг шалгах хянан шалгалтын түр хороо байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Маш олон мэдээлэл бүрхэг, нууц байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээний талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гишүүдэд асуулт ирүүлсэн. Энэ гэрээ нэлээд их эргэлзээ төрүүлээд байгаа. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ ямар үнээр хийгдсэн талаар мэдээлэл байхгүй. Би арванхоёрдугаар сарын 27-ны чуулганд оролцож, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталсан. Энэ хурлаар үнийн талаар маш тодорхой асуухад хариулт өгөөгүй, Эрдэнэс Тавантолгой компанийн жишиг үнээр тогтооно гэж хэлж байсан.
Гэрээг нууцалсан, нууцлаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Нууцад оруулсан, үгүйг тогтоомоор байна. Би өнгөрсөн 7 хоногт гэрээтэй холбоотой мэдээллийг авах хүсэлтээ өгсөн.
BY
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-09-19