Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ www.itoim.mn
Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад оруулжээ. Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна. Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден” хотхоны хажуугаар Туул голтой холбогдох хэсэгт 2 км урт хөрсний усны шугамыг шинэчилж дууссан байна. Сэлбэ гол орчимд хойд зуслангийн бүсийг үерийн эрсдэлээс сэргийлэх, хуурайшилт, тоосжилтыг багасгах байгаль орчинд чухал нөлөөтэй 1.3 сая шоо метр ус хуримтлуулах таван шатлалт усан сангийн ажлыг энэ онд эхлүүлсэн юм. Энэ хүрээнд ухлагийн ажил өвлийн улиралд хийгдэж байгаа аж.
2026 онд 12 байршилд 10 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна. Түүнчлэн 2023 онд үер болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үерийн далан барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр байна. Улаанбаатар хотын 1260 гаруй км хатуу хучилттай авто замын ердөө 23.6 хувь нь буюу 300 км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Тиймээс борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсрах, засварлах, лаг хагшаасыг цэвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.
Нийтэлсэн огноо2025-12-26





