НИТХ: Нийслэл 77 тэрбумаар 2000 цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулахыг дэмжлээ www.itoim.mn
“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах аж.
Энэ үеэр НИТХ-ын гишүүнд асуулт асууж, хариулт авлаа.
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж: Такси үйлчилгээг хувийн хэвшил өөрсдөө хийчих зүйл шүү дээ. Үүнийг дэмжээд явуулбал муухай харагдах гээд байна. Хамгийн гол нь журмаар зохицуулчих зүйл шүү дээ. Нийслэлийн төсвөөс 77 тэрбум заавал гаргаж яах гээд байгаа юм бэ. Стандартыг нь бид тогтоож өгөх ёстой болохоос заавал шинээр төрийн өмчит компани байгуулах шаардлагагүй. Түүнийг нь нэгдсэн систем удирдлага гэх ч боломжгүй. Энэ бол менежментийн асуудал. Төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааг цөөлөх, хувьчлах ажлыг хийнэ гэж Засгийн газрын шийдвэр нь гарсан. Гэтэл бид НИТХ дээрээ ахиад ингээд өндөглөөд байж болох уу. Хувь хэвшилтэйгээ өрсөлдөх нь зөв үү. Нийслэлийн тээврийн цагдаагийн газрын даргаас такси үйлчилгээний хэчнээн хүн гэмт хэрэг хийдэг вэ гэдэг мэдээллийг авмаар байна.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан: Сүүлийн 10 жилд хувийн хэвшлийн 200-300 такси албан ёсны стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна. Манай хот 1.7 сая хүн амтай хотод ойролцоогоор 5000 орчим такси тогтмол үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн судалгаа бий. Хот хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа юм биш. Харин хувийн хэвшлээ дэмжээд такси үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүдээ дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринаас энэ хөтөлбөрүүдийг оруулж ирж байгаа. Үүний үр дүнд 4573 тогтмол ажлын байр бий болно.
Гэмт хэргийн тоо энэ оны аравдугаар 30-ны байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 7438 дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний 91 нь гэмт хэргийн шинжтэй, 18 нь зөрчлийн шинжтэй гээд шалгагдаад явж байгаа юм билээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа: Мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай материал тараалаа. Нэгдүгээрт, такси үйлчилгээ явуулж байгаа зөвшөөрөлгүй 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна гээд танилцуулсан. Энэ яг баталгаатай тоо мөн үү. Жишээлбэл, Ub Cab платформд 60 мянган жолооч бүртгэлтэй гэсэн мэдээлэл өгсөн.
undefined
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан: Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжээс авсан мэдээллээр 40 мянга гаруй жолооч бий гэсэн. Гэхдээ энэ нь бүгдээрээ байнгын үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг биш.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: Хамгийн гол нь 40 мянган таксины системд үүнийгээ хэрхэн шингээх талаараа тооцоолох хэрэгтэй. Тэгэхгүй бол 2000 такси манай хотын замын түгжрэлийн асуудлыг бууруулах гол үндэслэл болж чадахгүй болно л доо.
НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс такси үйлчилгээг сайжруулахдаа төр өөр бизнес эрхлэх биш дүрэм, стандарт тогтоох, хяналт тавих үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод такси нэмэх биш харин зөв зохицуулалт хийх, хувийн болон түрээсийн таксиг эрсдэл үүсгэж байгааг анхаарч стандарттай, ухаалаг таксины систем болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Зарим төлөөлөгч цахилгаан такси орж ирснээр агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал, таксины үнэ буухаас эхлээд давуу талтай гэдгийг илэрхийлэв. Дээрх төслийн шалгаруулалтад одоо үйлчилгээ эрхэлж буй такси компаниуд нээлттэй бөгөөд ялангуяа такси үйлчилгээний бизнесийг төрөөс дэмжих шаардлагатай гэдгийг төслийн хариуцагчаас тайлбарлалаа. Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдлээ. Гэхдээ дээрх төслийг хувийн хэвшлийг дэмжсэн, дэд бүтэц төлөвлөлт, үйлчилгээний стандарт зэргийг тооцож, дараа дараагийн шатанд хяналт тавьж ажиллахаар боллоо.
Нийтэлсэн огноо2025-12-30





