ШЕЗ-ийн даргаар П.Золзаяаг сонгожээ www.news.mn
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяаг сонгожээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан байдаг. Мөн Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.01.02/ болж, гишүүн П.Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгосон байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллахаа илэрхийлжээ.
Түүний хувьд өмнө нь Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд 2025 оны аравдугаар сарын 10-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон юм. Тэрбээр 1990 онд ОХУ-ын Иванова хотын их сургууль төгсч, шүүгчээр 25 жил ажиллажээ. Тодруулбал, 2000-2007 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгч, 2007-2010 онд нийслэлийн шүүхэд шүүгч, 2010-2014 онд нийслэлийн шүүхэд Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2014-2015 онд Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч, 2015 оноос Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажилласан байна.
Нийтэлсэн огноо2026-01-03





