Нийслэлийн ЗДТГ Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ www.itoim.mn
УИХ гишүүн Ч.Номин Соёл, спорт, аялал жуучлалын сайдаар ажиллаж байх үед “Go Mongolia” брэндийг сурталчилж, Монголд зочлох кампанит ажлуудыг өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд Соёлын яам Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын мэргэжлийн хөл бөмбөгийн спортын Премьер лингийн Fulham /Фүлхэм/ багтай сурталчилгааны гэрээ байгуулж, эхний 500 сая ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийг 2024 оны зургадугаар сард шилжүүлж байжээ. Харин энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаанд шилжүүлээгүй гэдэг шалтгаанаар Английн “Фүлхэм” баг Монголын Засгийн газар, Соёлын яамыг оны өмнө Арбиртын шүүхэд өгч байгаа талаараа мэдэгдсэн байна. Энэ дагуу “Флхэм” багтай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Гадаад харилцааны яаманд даалгаж, өр төлбөр барагдуулах ажил оны өмнө дуусжээ.
Тэгвэл Английн “Фүлхэм” багтай ганцхан Соёлын яам гэрээ байгуулаагүй болж таарлаа. Тус багтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ямар үндэслэлээр тус багтай гэрээ байгуулах болсон, гэрээний хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зүгээс Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тогтоолыг зэргийг үндэслэн санхүүжилт гаргаж, "Фүлхэм" баг руу төлбөрийг шилжүүлсэн гэж албан бичигтээ дурдсан байна.
Дээрх зураг бол Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны зургадугаар сард Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирэхэд нь хүлээн авч уулзсан үеийн зураг юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Дэлхий дахинд 3.5 тэрбум үзэгчтэй Премьер лигийн түүхэн баг болох “Фүлхэм” клубтэй Монгол Улс хамтран ажиллах болсонд баяртай байна. “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна” гэдгийг тодотгож байжээ.
Соёлын сайд асан Ч.Номин Английн "Фүлхэм" багтай байгуулсан гэрээний хүрээнд 220 мянган хүнд Монгол Улсыг сурталчилж, таниулсан гэж дүгнэсэн байна лээ. Ингэхдээ, Фүлхэм клубийн 24.5 мянган суудалтай стадионд улирлын бүх тоглолтын турш дэлгэцээр, бэлтгэлийн хувцас, цахим сувгаар Go Mongolia брэндийг сурталчилсан гэж үзжээ. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар "Фүлхэм" багтай байгуулсан 1.1 сая ам.доллараар чухам ямар сурталчилгаа хийсэн нь учир дутагдалтай байна.
Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулан эргэн мэдээлэх болно.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-01-13





