ШҮҮХ: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгаж, хоёр хүний амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар хорих ял оноолоо www.itoim.mn
Баянгол, Хан-Уул, Сонгинохархан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гэм буруугийн хуралдаан хоёр хоног үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдуулж Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1.1, 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.2.1, 11.2.7, 11.2.11 дэх хэсэгт засснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах шийдвэр гаргасан байна. Өнөөдрөөс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож суллах, Х.Энхсайханд оногдуулсан хилийн хоригийг цуцлах шийдвэр гаргав.
Харин яллагдагч Ц.Дагвадоржийг 16 болон 32 настай хоёр хүний амь насыг онц хэргийгээр хөнөөсөн, мөн насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, бүх насаар нь хаалттай хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ. Мөн амь хохирогчдын ар гэрт 468,086,109 төгрөгийг гаргуулах шийдвэрийг шүүхээс гаргаснаа танилцуулав.
Шүүх шийдвэрээ танилцуулсны дараа амь хохирогч Шинэсарангийн ээж Г.Отгонтуяа хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрт асар их гомдолтой байгаагаа хэлэв. Шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа дараагийн шатны байгууллагуудад гомдлоо гаргаж, хөлөө хүрэх газар хүртэл явж, охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн үнэн зөвийг тогтоолгоно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр уг хэрэгт хяналт тавьж ажилласан мөрдөгч, хяналтын прокуроруудыг хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа учраас сар гомдолтой байна гэсэн юм. Шүүх прокуроруудын ирүүлсэн яллах дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргалаа гэж тэрээр тайлбарлав.
Хэрвээ шүүхийн шийдвэрт талууд гомдолтой бол анхан шатны шүүхийн шийдвэр албажиж ирснээс хойш 14 хоногийн дотор дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй юм.
by
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-01-24





