Ерөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ www.itoim.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарын Давос хотноо өөрийн “Энхийн Зөвлөл”-ийг албан ёсоор байгууллаа. Өчигдөр уг зөвлөлийн гарын үсэг зурах ёслол болсон бөгөөд үүнд Монгол зэрэг 17 улсын төлөөлөл оролцов. Ийнхүү тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурсан юм. Монгол Улс энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох боломжтой болж байна.
Дипломатчдын зүгээс энэхүү зөвлөл НҮБ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулж байна. Газын зурвасыг сэргээн босгох, дэлхийн зөрчил мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх үүрэгтэй тус зөвлөлийг Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран ажиллуулах хүсэлтэй байгаагаа Трамп илэрхийлсэн ч, НҮБ-ыг шүүмжилсэн хэвээр байв.
Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ?
Трамп “Энхийн зөвлөл”-ийг өнгөрсөн оны есдүгээр сард Газын дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулах үеэр анх санал болгож байв. Үүний дараа тэрээр зөвлөлийн үйл ажиллагааг зөвхөн Газад хязгаарлахгүй, дэлхийн бусад мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглүүлнэ гэдгээ тодотгосон юм.
Дүрмийн төслийн дагуу, АНУ-ын ерөнхийлөгч тус зөвлөлийн анхны даргаар ажиллах бөгөөд дэлхий даяар энх тайвныг дэмжих, зөрчил мөргөлдөөнийг зохицуулах үүрэгтэй байх аж. Мөн дүрэмд зааснаар, гишүүн орнууд гурван жилийн хугацаатайгаар оролцох бөгөөд хэрэв тус зөвлөлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 1 тэрбум ам.доллар төлбөл байнгын гишүүнчлэл авах боломжтой юм.
Цагаан ордон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын тусгай элч Стив Уиткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, мөн Трампын хүргэн Жаред Кушнер нарыг үүсгэн байгуулагч Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр нэрлэсэн байна.
Одоогоор ямар улсууд Трампын урилгыг хүлээн авсан бэ?
Цагаан ордны өндөр албан тушаалтны мэдээлснээр ойролцоогоор 50 улсад урилга илгээсний 35 орчимд нь дэлхийн удирдагчид нэгдэхээ амласан гэжээ. Үүнд, Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнууд болох Израиль, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Йордан, Катар, Египет улсууд багтсан байна. Мөн Трамптай хувийн харилцаа сайтай үндсэрхэг удирдагчидтай НАТО-гийн гишүүн Турк, Унгар зэрэг улсууд оролцохоор болжээ. Түүнчлэн Марокко, Пакистан, Индонез, Косово, Узбекистан, Казахстан, Парагвай, Вьетнам улсууд нэгдэхээ илэрхийлсэн байна. АНУ-ын зуучлалаар өнгөрсөн оны наймдугаар сард энхийн хэлэлцээр байгуулсан Армени, Азербайжан улсууд ч мөн Трампын урилгыг хүлээн авчээ.
Хамгийн их маргаан дагуулсан тохиолдол нь Беларусь юм. Барууны орнууд хүний эрхийн ноцтой зөрчил, Украины дайнд Оросыг дэмжсэн явдлаас нь шалтгаалан олон жилийн турш тусгаарлаж ирсэн Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Трампын урилгыг хүлээн авсан нь Вашингтон, Минскийн харилцаа ойртож байгаагийн илрэл гэж үзэж байна.
Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.
ОХУ “Энхийн зөвлөл”-д нэгдэх эсэхээ одоогоор зарлаагүй байна. Мөн Трамптай олонтаа зөрчилдөж ирсэн ч саяхан эмзэг худалдааны эвлэрэлд хүрсэн Хятад улс ч тодорхой хариу өгөөгүй байна. Орос, Хятад хоёр хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын, хориг тавих эрхтэй гишүүд тул дэлхийн байгууллага дахь нөлөөг нь сулруулж болзошгүй аливаа санаачилгад болгоомжтой хандах магадлалтай билээ.
Ямар улсууд татгалзсан эсвэл одоогоор шийдээгүй байна вэ?
Гренланд, гаалийн тариф болон бусад асуудлаар Атлантын хоёр эргийн хооронд зөрчил гүнзгийрч буй энэ үед “Энхийн зөвлөл” нь Трампын түрэмгий, нэг талыг баримталсан, “America First” хандлагад болгоомжтой ханддаг АНУ-ын ойрын холбоотнуудаас хязгаарлагдмал дэмжлэг авч байна.
Норвеги, Швед улсууд урилгыг нь татгалзсан бол Италийн Эдийн засгийн сайд Жанкарло Жоржетти тус зөвлөлд нэгдэх нь асуудалтай гэж мэдэгдсэн байна. Италийн Il Corriere della Sera сонинд мэдээлснээр, нэг улсын удирдагчийн толгойлсон байгууллагад элсэх нь Италийн Үндсэн хуульд харшилна гэжээ.
Франц улс мөн урилгыг хүлээн авахаас татгалзахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгч Эммануэль Макронд ойр эх сурвалж мэдээлсэн бөгөөд үүний хариуд Трамп Франц нэгдэхгүй бол дарс, шампанс дарсанд нь 200 хувийн тариф ногдуулна хэмээн сүрдүүлжээ.
Канад “зарчмын хувьд” нэгдэхээр зөвшөөрсөн ч нарийн зохицуулалт хийгдэж байна гэж мэдэгдсэн байна. Харин Их Британи, Герман, Япон зэрэг АНУ-ын бусад гол холбоотнууд одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Украин улс урилгыг судалж байгаа ч Ерөнхийлөгч Володимир Зеленский дөрвөн жил үргэлжилж буй дайны дараа Оростой хамт нэг зөвлөлд суухыг төсөөлөхөд бэрх гэж мэдэгдсэн байна.
АНУ-аас төрсөн анхны Пап лам бөгөөд Трампын зарим бодлогыг шүүмжилж ирсэн Пап Лео мөн урилга хүлээн авсан бөгөөд Ватиканы мэдэгдсэнээр уг саналыг нухацтай судалж байгаа аж.
“Энхийн зөвлөл” ямар эрх мэдэлтэй байх вэ?
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сард “Энхийн зөвлөл”-ийг зөвшөөрсөн ч зөвхөн 2027 он хүртэл, мөн Газад төвлөрөх хүрээнд хязгаарласан байна. Орос, Хятад хоёр АНУ-ын боловсруулсан тогтоолд НҮБ-ын үүргийг тодорхой заагаагүй гэж үзэн түдгэлзсэн санал өгчээ.
Уг тогтоолд Трампын энхийн төлөвлөгөөний хүрээнд Палестины Өөртөө Засах Захиргаа хангалттай шинэчлэгдтэл Газын сэргээн босголтын санхүүжилтийг зохицуулах “түр захиргаа” байдлаар “Энхийн зөвлөл”-ийг байгуулахыг сайшаасан байна.
Мөн Газад түр хугацааны Олон улсын тогтворжуулах хүч байршуулах эрхийг тус зөвлөлд олгож, зургаан сар тутамд Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнд тайлагнах үүрэг хүлээлгэжээ. Гэхдээ Газын зурвасаас гадна “Энхийн зөвлөл” ямар хууль зүйн эрх мэдэл, хэрэгжүүлэх бодит механизмтай байх, мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах нь тодорхойгүй хэвээр байна.
Зөвлөлийн дүрэмд зааснаар, дарга болох Дональд Трамп өргөн хүрээний гүйцэтгэх эрх мэдэлтэй, үүнд шийдвэрт хориг тавих, гишүүдийг огцруулах эрх багтах бөгөөд тодорхой хязгаарлалттайгаар хэрэгжинэ гэжээ. Дүрэмд мөн тус зөвлөл нь “олон улсын эрх зүйд нийцсэн энхийг цогцлоох үйл ажиллагаа” хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байна.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-01-23





