“Оюу толгой” компани 2025 онд төсвийн орлогын 9 хувийг бүрдүүлжээ www.itoim.mn
“Оюу толгой” компани 2025 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа.
Өнгөрсөн онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг эзэлж байгаа аж.
“Оюу толгой” компани 2025 оны дөрөвдүгээр улиралд нийт 772 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 571 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 87.3 хувийг буюу 1.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй “Хасуд бат” компани л гэхэд нийт 71,400 хос аюулгүй ажиллагааны бээлийг үйлдвэрлэн, Оюу толгойн уурхайд нийлүүлжээ.
Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл
Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, 12 дугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн өндөр гүйцэтгэлтэй байлаа.
Панель 2-ын хойд хэсгийн бүтээн байгуулалт тогтвортой урагшилж, нийт 6 хүдэр буулгуурыг тэсэллээ.
2025 оны зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтны үйлдвэрлэл 121% тус тус өссөн.
Эдгээр үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэн, цаашлаад томоохон дэд бүтцүүд болох гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн Тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулсантай холбоотой.
Нийтэлсэн огноо2026-02-01





