Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөхөөр судалж байна www.gogo.mn
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төр, хувийн түншлэлийн төв ТӨААТҮГ-т ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.
Тус төв
“Эрдэнэт хуримтлуурт усан цахилгаан станц”, “Тайван тээврийн терминал”,
“Дөрвөн аймгийн нисэх буудлын 4C, 4D ангиллын аэродромын хүчитгэл, өргөтгөл”,
“Аюултай хог хаягдлын үйлдвэр”, “Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх”,
“Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумдын нутагт 30 МВт хүчин чадалтай горим тохируулгат усан цахилгаан станц барих”,
“Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум 100 МВт хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барих”,
“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих”,
“Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай 261 км автозам барих” зэрэг төслүүд судлагдаж байгаа гэсэн юм.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэйг онцлов.
Энэ хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, дотоодын бизнес эрхлэгчдэд урилга илгээх, ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Түүнчлэн судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бодит төсөл болгон хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгажээ.
Эх сурвалж: ЭЗХЯ
Нийтэлсэн огноо2026-02-10





