Он дамжин хэрэгжих 318 төслийг 761.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ www.news.mn
Нийслэлийн 2026 оны төсвийг НИТХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд баталсан. Нийслэлийн 2026 оны төсөвт хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг нийт 4.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан байна.
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл болон батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдэд судлаач Д.Баярмаа харьцуулсан дүн шинжилгээ хийсэн байна. Уг тоймоос харвал, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийт 12.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 132 төсөл, арга хэмжээг 1.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан байна. Мөн Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 58 төсөл, арга хэмжээг 227.9 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. Харин Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх 2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээг 1.3 их наяд төгрөгөөр, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 70 төсөл, арга хэмжээг 17 тэрбум төгрөгөөр, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг 34 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлнэ.
Мөн 2025-2026 он дамжин санхүүжих 318 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 761.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан.
төсвийн төсөлтэй харьцуулахад 2026 онд шинээр Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламжийн тоо 20-оор нийт төсөвт өртөг 134.4 тэрбум төгрөгөөр, нийт санхүүжих дүн 43 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна.
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР
ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮД
Төсвийн төсөлтэй харьцуулахад Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо 34-өөр, нийт төсөвт өртөг 178 тэрбум төгрөгөөр, 2026 онд олгох санхүүжилтийн дүн 76.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийт 12.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 132 төсөл, арга хэмжээнд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.
Үүнээс 838.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр хэрэгжих 79 төсөл, арга хэмжээг 583.9 тэрбум төгрөгөөр, 11.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 53 шилжих төсөл, арга хэмжээг 1.16 их наяд төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр баталсан байна.
Тэгвэл Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд шинээр хэрэгжихээр батлагдсан төсөл, арга хэмжээг эдийн засгийн ангиллаар авч үзвэл, 664 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 438.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 47 барилга байгууламж, 99.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 94.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 11 их засвар, 35.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 31.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 12 тоног төхөөрөмж, 40.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 9 зураг төсөвт хөрөнгө оруулах ажээ.
Тэгвэл мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалтад зориулагдсан төсөл, арга хэмжээний тоо 17-оор нийт төсөвт өртөг 148.9 тэрбум төгрөгөөр, 2026 онд олгох нийт санхүүжилтийн дүн 57.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. Тухайлбал, хот байгуулалт, барилга стандарт, хяналт, зохицуулалтад 354.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 321.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 20 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бол нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалтад 337.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 133 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага, үйлчилгээнд 74.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг ба санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна.
2026 онд нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжид 35.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 24.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Мөн цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудууд 7.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 3.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй нэг төсөл, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, сувгийн барилга байгууламжид 12.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг ба санхүүжих дүнтэй 4 төсөл, арга хэмжээ, Нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлтөд 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг ба санхүүжих дүнтэй 2 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагджээ.
ОН ДАМЖИН САНХҮҮЖИХ ТӨСЛҮҮДИЙН ТӨЛӨВЛӨЛТ
2025-2026 он дамжин санхүүжих нийт 12.84 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 318 төсөл, арга хэмжээг 761.3 тэрбум төгрөгөөр 2026 онд санхүүжүүлэхээр баталжээ. Үүнээс 12.82 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 749.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 288 төсөл, арга хэмжээг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар, 18.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 12.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 30 төсөл, арга хэмжээг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм байна.
Нийтэлсэн огноо2026-03-06





