Улсын хэмжээнд 4.1 сая мал төллөөд байна www.montsame.mn
Улсын хэмжээнд 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая нь төллөснөөс 4.1 сая нь буюу 98.9 хувь нь бойжиж байгааг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат БОХХААБХ-ны хуралд танилцуулав.
Мал төллөлт баруун бүсэд 32.6, зүүн бүсэд 20.8, төвийн бүсэд 29.4, хангайн бүсэд 31.9 хувьтай байна. Харамсалтай нь энэ сарын 10-ны байдлаар 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсоноос тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа нь оны эхэнд тоолсон нийт малын 0.3 хувийг эзэлж байв.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар говь нутаг жилээс жилд цөлжин, ус, бэлчээр хомстож, мал аж ахуйгаа эрхлэхэд хүндрэлтэй болж байгаад салбарын яам ямар арга хэмжээ авахыг тодотгов. УИХ-ын гишүүн Р.Сэддорж хилээр амьд мал, ялгангуяа адуу гаргахыг тодорхой хугацаанд хориглохыг дэмждэгээ илэрхийлээд, салбарын яам үүнд ямар бодлого барьж байгааг лавлан, махны экспортыг эрчимжүүлснээр малчдын орлого нэмэгдэж буйг үргэлжлүүлэх эсэх, залуу малчдыг дэмжихэд хэр анхаарч байгааг асуулаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш таван сарын хугацаанд махны үнэ 52.6 хувиар нэмэгдлээ. Малын тоо өссөөр байхад хот суурин газрын махны эрэлтийг хангаж чадахгүй байгаад ямар арга хэмжээ авахыг асуув. Мөн гишүүд малын түүхий эд, ноос, арьс нэхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд сургах, дотуур байранд амьдрах бус гэрээсээ сурч, боловсрох уян хатан, эерэг бодлого боловсруулах, мал аж ахуйд чиглэсэн төрийн дэмжлэг, татаасын талаар үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар ерөнхий хяналтын сонсгол хийх цаг болсон гэдгийг тэмдэглэжээ.
Нийтэлсэн огноо2026-04-14





