"Солонго" төслийн орон сууцыг 8 сард ашиглалтад оруулна www.news.mn
Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар өнөөдөр /2026.04.14/ ТОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх Орон сууцны үндэсний төвийг байгуулж, улмаар Төрийн орон сууцны корпораци болгон өөрчилсөн. Төрийн орон сууцны корпорацийн үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршдог. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй. Үүнээс төрийн төлөөлөл зургаа, хараат бус гишүүн гурав байдаг. 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор компанийн орон тоог 77 ажилтантай байхаар баталсан. Өмнө нь 94 ажилтантай байсан. Одоогоор 36 үндсэн, 41 гэрээт ажилтан ажиллахаар төлөвлөсөн.
2006–2010 онд “40 мянган айлын орон сууц”, төрийн албан хаагчдын 4 мянган айлын орон сууцны хөтөлбөр, мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хугацаанд 7,491 өрхөд 230.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
2010–2016 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар ажиллаж, аймаг бүрт 1000 айлын орон сууц, “Буянт-Ухаа 1, 2” зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Харин 2016 оноос түрээсийн орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн.
“Залуус 1” төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Мөн БНСУ-тай байгуулсан гэрээний хүрээнд “Солонго 1, 2” төслүүдийг эхлүүлсэн. “Солонго” төслийн нэгдүгээр ээлжийн 27 блок буюу 2048 айлын орон сууцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдсэн айлуудыг 2027 оны наймдугаар сард оруулна.
Багануур, Хэнтий, Баянзүрх дүүргүүдэд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн 19 жилийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 548.5 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 7111 орон сууц барьж, 7635 иргэнд зээл олгосон байна. Үүний үр дүнд нийт 14746 иргэн орон сууцтай болсон.
“Солонго” төсөл 2019 онд эхэлж, 2024 оны гуравдугаар сараас барилгын ажил нь эхэлсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр ээлжийн 27 блокийн гүйцэтгэл 90 орчим хувьтай, төслийн нийт гүйцэтгэл 67 орчим хувьтай байна. Тус төсөл нь 17.9 га талбайд 66 блок барилга барих бөгөөд нийт 330 мянган м.кв бүтээн байгуулалт хийгдэж байна. Үүнээс 8 давхар 3 барилга, 9 давхар 63 барилга баригдана. Орон сууцны талбай нь 41–52 м.кв хэмжээтэй зургаан төрлийн сонголттой байгаа. Мөн “Эко Яармаг” төслийг 2020 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлсэн. Төслийн хүрээнд 1,686 айлын 36 блок орон сууц баригдана. Мөн 240 хүүхдийн болон 168 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд, 360 хүүхдийн сургууль бүхий иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Орон нутгийн хувьд Төрийн орон сууцны корпораци зургаан аймагт газар эзэмшиж байгаа бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 37-р хороонд 64 айлын орон сууц барих сонгон шалгаруулалтыг зарлаж, төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна" гэлээ.
Нийтэлсэн огноо2026-04-14





