"KFC, PIZZA HUT” нэрийг ашигласан залилангийн хохирлын хэмжээ долоо хоногт ₮1.1 тэрбумд хүрчээ www.eguur.mn
Сүүлийн үед цахим орчинд “50 хувийн хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширчээ. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр байгаа бөгөөд долоо хоногт 302 иргэн ₮1.1 тэрбумаар хохирчээ.
Тус төрлийн залилан нь хоёрдугаар сарын сүүлээс идэвхжиж эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдээр улам ихэсдэг байна. Тухайлбал, 35 настай иргэн эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байгаа аж.
KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна. Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж.
Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандах шаардлагатай байна. Ялангуяа банкны нууц мэдээлэл, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм. Учир нь албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл санхүүгийн ноцтой хохиролд хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-03-25





