Баянхошууны 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна www.gogo.mn
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэнэ.
5000 айлын, орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархадны хоёр байршилд барьж эхэлсэн. Ногоон орон сууц нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх юм.
Төслийн эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн.
Өнгөрсөн онд эхний ээлжийн 110 айлын, дөрвөн блок орон сууцны барилга угсралтыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Дараагийн ээлжийн буюу 226 айлын зургаан блок орон сууцны барилга угсралт 57-81 хувьтай үргэлжилж байна.
Шархадны 5.4 га талбайд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Өнөөдрийн байдлаар 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувьд хүрсэн. Мөн 228 айлын зургаан блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай байгаа юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно.
Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийтэлсэн огноо2026-03-25





