АНУ-ын визийн 15 мянган долларын барьцаа хэрэгжиж эхэллээ www.news.mn
АНУ-ын В1/В2 ангиллын виз мэдүүлэгчдэд буцаан олгогдох 15 мянган ам.доллар хүртэлх хэмжээний визийн бонд байршуулах шинэ шаардлага хэрэгжиж эхэллээ. Энэхүү журам нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө олгогдсон хүчинтэй визүүдэд хамаарахгүй байна. Мөн виз мэдүүлэгчид визийн ярилцлагаас өмнө бондын төлбөрийг урьдчилан төлөх шаардлагагүйг анхааруулжээ. Шаардлага хангасан тохиолдолд гурван сар хүртэлх хугацаанд хүчинтэй, нэг удаагийн нэвтрэх виз олгох бөгөөд АНУ-д 30 хүртэл хоног оршин суух боломжтой байна. АНУ-ыг зорих Монгол Улсын иргэдийн хувьд визийн хугацаа хэтрүүлэх үзүүлэлт дэлхийн дунджаас доогуур түвшинд байна.
Тухайлбал, 2023 онд Монгол Улсаас АНУ руу зорчсон 10 мянга 600 иргэнээс 400 хүн буюу 3.77 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Харин 2024 онд нийт 13 мянга 595 иргэн зорчсоноос 371 хүн буюу 2.73 хувь нь хугацаа хэтрүүлсэн үзүүлэлттэй байгаа нь АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын агентлагийн мэдээллээр тогтоогдсон байна.
Нийтэлсэн огноо2026-04-09





