Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо www.eagle.mn
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагууд нийслэлийн холбогдох албаныхан болон төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, төслийн явц, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр байгаль орчны хууль, стандарт, шаардлагыг бүрэн мөрдөх, баталгаатай судалгаа, үнэлгээнд тулгуурлан үйл ажиллагаа явуулах шаардлагатайг онцолжээ. Мөн хяналт шалгалтаар төслийн хэрэгжилтийн явцад зөрчил илэрсэн тухай мэдээлэв.
Тодруулбал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд заасан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байхад үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
Иймд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Үүнд,
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоох
Илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох
Тус төсөл нь Туул гол дагуу 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барих бөгөөд нийслэлийн дөрвөн дүүргийг хамрах томоохон бүтээн байгуулалт юм. Гэвч байгаль орчны шаардлагыг хангах хүртэл хэрэгжилтийг ийнхүү хойшлуулж байна хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-04-08





