С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй www.gogo.mn
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт эдийн засгийн сүүлийн үеийн байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Түүнээс гадаадын банк байгуулах талаар асуухад дараах хариултыг өглөө.
-D.parliament.mn-д Банкны тухай хуулийн төслийг байрлуулж, иргэдээс санал авч байна. Банкны салбарыг либералчилна. Либералчилна гэхээр зөвхөн үнэ чөлөөлөх биш юм. Хуулиа ч сайжруулах хэрэгтэй. Гадаадын банкууд яагаад өнөөг хүртэл манайд цөөн байна вэ? Энэ салбар маш их зохицуулалттай, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид банк, газрын тос, эрчим хүчний салбаруудаа либералчлаагүй. Иймд одоо эдгээр салбар манай хөгжлийн тээг болчихлоо.
Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй. Гэтэл зарим хүн гаднын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй мэтээр ярьдаг. Яаж мэдээд байгаа юм бэ? Эхлээд ороод ирэг л дээ, ажиллаг, дараа нь үр нөлөөг ярилцъя. Ормузын хоолойн хямрал дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг дэлхий нийтээрээ таамаглаж чадахгүй байна. Харин манай зарим иргэн их сайн мэдээд, нийгмийн сүлжээнд бичдэг.
Манай банкууд өнгөрсөн онд гаднаас 800 орчим сая ам.долларын эх үүсвэр татжээ. Дотоодод хуримтлал байхгүй тул гаднаас жилийн дунджаар 3-4 хувийн хүүтэй татсан байна. Тэгвэл гадаадын банк энэ хөрөнгө оруулалтыг үнэгүй хийнэ. Тэдний эх үүсвэрийн зардал 0 байна" гэв.
Ерөнхий сайд Н.Учрал банкны салбарт гадаадын банкийг оруулах цаг болсон гэж үздэг юм. Учир нь өрнөөс өрийн хооронд өдөр хоног өнгөрч, зээлийн өндөр хүү үнийн өсөлтөд шингэж бид илүүг төлж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 2025 онд 50 хувиар багассаныг онцолдог. Өдгөө манай улсад арилжааны 12 банк ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-29





