“Бадрах энержи”, “Моннис инженеринг” ХХК-иуд Зөөвч-Овоо төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо www.gogo.mn
Энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн хүрээнд суурин ангийн эхний үе шатын Инженерчлэл, Худалдан авалт, Барилга угсралтын гэрээг “Моннис Инженеринг” ХХК-тай байгууллаа.
Тус гэрээний хүрээнд 300 ажилтан байрлан амьдрах суурин ангийн эхний хэсгийг барьж байгуулах бөгөөд төслийг үе шаттайгаар төлөвлөн багц ажлын эхний хэсгийг 2027 онд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Цаашид суурин анги нь нийт 1,000 хүртэл ажилтан хүлээн авах хүчин чадалтайгаар үе шаттай өргөжнө.
Энэхүү бүтээн байгуулалт нь Зөөвч-Овоо ураны төслийн үйл ажиллагааг тогтвортой, аюулгүй явуулах дэд бүтцийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажилтнуудыг олон улсын стандарт хангасан тав тухтай орчинд ажиллах нөхцөлөөр хангах чухал ач холбогдолтой юм.
Компани нь эрчим хүчний дэд бүтэц, Зүүнбаян багийг уурхайтай холбох хатуу хучилттай авто зам, талбайн түр байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Энэ удаад суурин ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг манай улсын тэргүүлэх компаниудын нэгтэй ийнхүү байгууллаа.
“Моннис Инженеринг” ХХК-ийн зүгээс олон улсын стандарт, шаардлагад нийцсэн инженерчлэл, барилга угсралтын ажлыг өндөр чанартайгаар гүйцэтгэж, төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд бүх хүчин чармайлтаа чиглүүлэн ажиллана хэмээн мэдэгдлээ.
“Бадрах Энержи” ХХК нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байна.
Нийтэлсэн огноо2026-05-01





