Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахаар болов www.news.mn
-Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулагдаж буй Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах хуулийг өргөн барихаар тогтлоо. Та бүхний мэдэж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хоёр чухал гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулсан бөгөөд хоёр дахь нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах гэрээ юм. Дээрх хоёр гэрээ хоёул хүчин төгөлдөр мөрдөгдсөн цагт зэрэг ажиллах нөхцөлтэй.
Энэ гэрээг ойрын үед УИХ-д өргөн барьж соёрхон баталснаар Монгол Улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрхзүйн баримт бичиг анх удаа бий болно.
Үүнийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөөд шийдвэр гаргуулсны дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие ОХУ-д айлчилж ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтай гарын үсэг зурж баталгаажуулсан энэ гэрээг соёрхон батлах ажил УИХ-аар хийгдэнэ.
Үүнээс гадна, УИХ-аар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжээгүй. Улмаар хуулийн төсөл дэмжигдээгүйгээс үүдэн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсээд байгаа. Төсвийн хязгаарлалтаас үүдэн үүсээд буй нөхцөл байдалд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах шийдвэр гаргажээ.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Засгийн газрын ээлжит хуралдаанаас Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Үүнд, нэгдүгээрт, Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гэрээнд тусгагдсан зарим ажлыг тус компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулж хурдасгах боломж нөхцөлөөр нь хангах харьцангуй уян хатах ажиллах боломжийг нь нээж өгөх чиглэл өгсөн тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд “Төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд дүн, ажлын даалгавар болон чанарт нөлөөлөхгүйгээр өөрчлөлт оруулах боломжийг нь Компанийн тухай хуулиар хийх эрх, боломж олгосон шийдвэр гаргалаа.
Хоёрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслөөс "Сэлбэ дэд төв"-ийг хасаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрийг “урагшлуулах” горимоор Засгийн газраас УИХ-д дахин төсөл өргөн барихаар боллоо. Энэ асуудал нэн яаралтай горимоор шийдэгдвэл газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулагдах зээлийн хэрэглээ өсөж, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж үйлдвэрийн ажлыг шуурхайлах боломж бүрдэнэ гэлээ.
Нийтэлсэн огноо2026-05-13





