Б.Найдалаа: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтад орох эрсдэл бий. Цахилгааны үнийг 15-19 хувь нэмж байж алдагдалгүй ажиллана www.eguur.mn
Н.Учралын Засгийн газар бүрдээд 50 хоног өнгөрч байна. Шинээр томилогдон ажиллаж байгаа Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарт нь тулгамдаж буй асуудал болон цаг үеийн улс төрийн агуулгаар ярилцлаа.
-Манай улсын эрчим хүчний салбар үйлдвэрлэх тусам өрөнд ордог салбар л болчихсон. Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд гажуу, буруу тогтолцоотой. Үүнийг засах хэрэгтэй-
-Гол асуудлаасаа яриагаа эхэлье. Таны удирдаж байгаа салбартай холбоотой тоонуудыг судаллаа. 2020-2024 онд 77-231 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Сүүлд гарсан буюу 2025 оны тайлангаас харахад энэ онд 190 орчим тэрбумын алдагдалтай гарах тооцоо байна. "Шуудхан хэлэхэд энэ өвөл хүнд өвөл болно" гэж та сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлж байсан. Ингэж хэлсэн нь дээрх тооцоотой холбоотой юу. Ер өвөл болох нь тун тодорхой, өнгөрсөн өвлийнх шиг Нийслэл даяар 1.5 цагийн хязгаарлалтад орох нөхцөл үүсэх үү?
-Шулуухан хэлэх ёстой байх. Таны хэлсэнчлэн өнгөрсөн өвөл тохиолдсон шиг эрсдэл бидэнд байгаа. Яагаад гэвэл дутагдаж байгаа цахилгаан эх үүсвэр, цахилгаан станц, дулаан, цахилгааныг нэг амьсгаагаар өөрчилж, дутагдлыг нь шийдэж чадахгүй. Үүнийг бүгд ойлгож байгаа байх. Цахилгаан станц барихын тулд судалгаа тооцоо хийнэ, хөрөнгө оруулалтыг нь олно, бүтээн байгуулна, ашиглалтад оруулж, шалгана гэдэг хэдэн жилийн ажил.
Маш богино хугацаа буюу хэдхэн сарын дараа өвөл ирдгээрээ ирнэ. Бид яаж ч хичээгээд шинэ эх үүсвэр барих боломж байхгүй. Гэтэл хэрэглээ улам нэмэгдсээр байдаг. Тооцооллоор жилд 7-8 хувиар автоматаар өсөж байдаг. Энэ жилийн оргил ачаалал 1956 мВт байхаар буй. Хамгийн хүйтэн өдрийн оройн цагаар гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн дүн. Бидэнд үүнийг хангах чадал байхгүй. Бүх цахилгаан станцаа ажиллуулаад, ОХУ, БНХАУ-аас татаад ч сох дутна. Ийм эрсдэл байгаа гэдгийг эртхэн хэлэхгүй бол хэн нэгэн сайд гарч ирээд эрчим хүч сэргэнэ гэж ойлгож байж болох юм.
Одоо өвлөө хэрхэн давах вэ гэдэгт толгойгоо ажиллуулах цаг. Энэ бол богино хугацааны асуудал. Харин дараа дараагийн жилүүдэд өвлөөс айдаггүй системийг бүрдүүлэх нь чухал.
-Ирэх өвлийг сайн давахын тулд хэрхэн бэлтгэж байгаа вэ. Шинээр эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулж, өвлөө давахаар зэхэж байгаа тухай дуулсан?
-Өвөл цахилгааны хязгаарлалт үүссэн шалтгаан бол ДСЦ-3, Бөөрөлжүүт дээр доголдол гарсантай холбоотой байсан. Доголдол гаргахгүйн тулд засвар үйлчилгээг сайн хийх ёстой. Бид хавраас эхлэн засвар дээр шуурхай ажиллаж байна. Гэтэл хөрөнгө санхүүгээс шалтгаалан засвараа бүрэн хийж чадахгүй байгаа нь харамсалтай буй.
Шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэд 70 мВт дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Ашиглалтад орох хуваарьтай. Төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд бид шахаж ажиллаж байгаа. Би удахгүй Сэлэнгэ явж, үзэж танилцана гэж бодож байгаа. Хэрэв энэ эх үүсвэр ашиглалтад орохгүй бол 70 мВт дутна гэсэн үг.
Мөн БНХАУ-аас импортлох нөхцөл бүрдүүлэхээр байгууламжийг нь барьж байгаа. |2026.08.01|-нд ашиглалтад орох ёстой. Ингэж чадвал бага ч гэсэн ачаа нуруунаас хөнгөрнө.
Үүнээс гадна таван аймагт нээлттэй сонгон шалгаруулалтаар нарны станц байгуулахаар зорьж байгаа. |2026.12.01|-нээс өмнө ашиглалтад оруулна гэх нөхцөлтэй. Компаниуд, хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байна. 50 мВт-ийн нарны станц бол тийм ч жижиг төсөл биш. Богино хугацаанд барихад хүндрэлтэй. Гэхдээ шахаад ажиллаад үзье л гэж буй. Энэ таван станц ашиглалтад орвол 220 мВт нэмэгдэнэ. Өвлийг давахад дэм болно гэж үзэж байгаа.
-Та сайдаар томилогдоод 50 хонож байна. Салбартайгаа тодорхой хэмжээнд танилцсан байх. Хамгийн том асуудлуудаа хэрхэн тодорхойлов?
Том салбар, эдийн засгийн суурь салбар. Гэтэл ужгирсан асуудлуудаа цаг тухайд нь шийдэхгүй, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр ирсэн. Дулааны цахилгаан станцуудын техник нь хуучирч, элэгдсэн, засвар үйлчилгээгээ хангалттай түвшинд хийж ирээгүй. Дандаа додомдож, хийхээр төлөвлөсөн засвар үйлчилгээнийхээ тал хувийг л гүйцэтгэж ирсэн байсан. Энэ нь тоног төхөөрөмжийн найдвартай байдал, насжилтыг бууруулсан. Техник, хөрөнгө оруулалт талаасаа тордогдоогүй л гэсэн үг.
Нөгөөтэйгүүр эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэрүүд баригдаж байгаа. Цоо шинэ хөрөнгө оруулалт учир техник нь сайн, үнэтэй. Мөн сэргээгдэхийн эх үүсвэрүүд бий. Ингээд харвал, шинэ болон хуучин холилдсон, цаашид ямар бодлогоор явах вэ гэдэг нь тов тодорхой болоогүй л салбар.
Улс орнууд ихэвчлэн өөрсдийн хэрэглээнээс илүү суурилагдсан хүчин чадалтай байдаг. Тэгэж байж станц, зуухаа засаад илүү найдвартай байлгадаг. Хэрэг гарах үед эрчим хүчний нөөц нь байж байдаг. Ийм газар л үйлдвэрлэл, бизнес хөгждөг. Монгол Улс үүндээ хөрөнгө оруулалт хийгээгүй, дутуу байгаа нь хамгийн том асуудал байна.
Шугамын асуудал мөн дутмаг. Монгол Улс бол өргөн уудам нутагтай. Сум бүрд эрчим хүч хүргэнэ гэж зүтгэсэн нь зөв. Гэхдээ зарим байршилд шугамын алдагдал дэндүү их. Яагаад гэвэл татах ёстой стандарт, зайнаас нь илүү хол татах үед эл шугамын алдагдал бий болдог. Жишээ дурдахад, зарим суманд цахилгаан очсон ч гэсэн гэрэл нь улайсалтай байна. Чанар маш муу байгаагийн шинж. Нэр төдий ийм цахилгааны эх үүсвэр бол байж болшгүй зүйл.
Манай улсын эрчим хүчний салбар үйлдвэрлэх тусам өрөнд ордог салбар л болчихсон. Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд гажуу, буруу тогтолцоотой. Үүнийг засах хэрэгтэй.
-Сайд дарга нарыг томилогдсоноос хойших 100 хоногт юу хийснээр нь эхэнд дүгнэдэг. Тэгвэл өнгөрсөн 50 хоногт юу хийв?
-Хэд хэдэн чухал ажил бий.
Хөрөнгө оруулалт. Улсын төсөв болон хувийн, гадаад улсын дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, шинээр станц бариагүй, шинээр шугам татах нь хангалттай биш, хувийн хэвшлийн оролцоог бага байлгаж ирсний үр дагаварт өнөөдөр чадлын дутагдалтай. Эдийн засаг, улс хөгжихөд эрчим хүч нь дэмжих бус боомилсон байдалтай болчхоод байна. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй.
Манай салбар хэрэглэгчдэдээ ойрхон биш. Цахилгаан, дулаан, эрчим хүч үйлдвэрлэдэг л болчхоод буй. Хэрэглэгчид биднээс цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэх л авч байгаа. "Төлбөр чинь ийм гарсан. Төлөхгүй бол тасална шүү". Орчин цагт ийм баймааргүй байна. Эцсийн дүндээ эрчим хүч яах гэж байдаг юм. Иргэнд, бизнесийнхэнд, ААН-д зориулж байгаа. Тэр нь хүртээмжтэй, улайсдаггүй, чанартай, тасардаггүй байх ёстой. Хэрэглэгч төвтэй ийм зарчмыг салбартаа заавал нэвтрүүлэх шаардлагатай. Тэгэхийн тулд ухаалаг болох ёстой. Ухаалаг болсноор шугамын алдагдал байхгүй болно. Цахилгаан эрчим хүч дундаас нь хулгайлах, дундаас нь холбох асуудал мухарлагдана. Монгол Улс 15 хувь орчмын шугамын алдагдалтай байгаа шүү дээ. Үүнийгээ багасгаж чадвал санхүү, эрчим хүчний хэмнэлтийн хувьд ч ахиц гарна. Үүнийг хийхээр төлөвлөж ажиллаж байна.
-Бид Нийслэл дэх эрчим хүчээ л дийлэнхдээ ярьдаг. Энд нийт хүн амын тэн хагас нь амьдарч буй тул аргагүй гэж болох ч сумдын эрчим хүчний асуудал хүнд буй. Үүнд хэрхэн анхаарах вэ, судалж, төлөвлөж байгаа зүйл бий юу?
-Сумдын цахилгаан, эрчим хүчний чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа нь үнэн. Чийдэн асаахад хүртэл улайсаж байгаа нь бидний хүсээд байгаа эрчим хүч биш. Гэтэл улстөрчид сонгуулийн оноо цуглуулахын тулд чанаргүй эрчим хүч татаад өгчихсөн. Одоо харахад бахархах зүйл биш л байна.
Цаашдаа сүлжээний үзүүрүүд дээр бага чадлын нарны, салхины, усны сэргээгдэх эх үүсвэр тавих. Тог тасарлаа гэхэд тухайн сумын төв 2-3 цаг тог тасардаггүй, цахилгаан нь улайсдаггүй, чанартай цахилгаан байх хэрэгцээ бий. 330 сумандаа бүгдэд нь үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хагас бие даасан, хараат бус болно гэсэн үг.
-Цахилгааны үнэ нэмэх эсэхийг Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Уг байгууллага бол яам, Засгийн газраас хараат бусаар үнэ тариф зохицуулдаг, судалгаа тооцоо хийдэг байгууллага-
-Өнөөдөр хэрэглэгчдэд нийлүүлж байгаа цахилгааны үнэ эрчим хүч үйлдвэрлэж байгаа өртгийн 85 хувьд дүйнэ гэж салбарынхан тайлбарладаг. Тэгвэл өртгөө 100 хувь нөхөхөд багадаа 15 хувиар өсгөх ёстой болно. Үүнийг тооцоолон үзвэл 280-355 төгрөг болж байна. Бид эрчим хүч үйлдвэрлэх тусам өрөнд орж буй талаар та дээр дурдлаа. Ашиг олдоггүй юм гэхэд үйлдвэрлэсэн зардлаа нөхдөг байх нь чухал шүү дээ. Засвар, техник шинэчлэлт ч үүнтэй холбогдоод явна. Хэрэглэгчидтэйгээ тохироод үнээ нэмэх талаар бодож үзсэн үү?
-Цахилгааны үнэ нэмэх эсэхийг Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Уг байгууллага бол яам, Засгийн газраас хараат бусаар үнэ тариф зохицуулдаг, судалгаа тооцоо хийдэг байгууллага. Иргэд дийлэнхдээ яам, сайд нь цахилгааны үнийг нэмж, хасдаг гэж ойлгодог. Гэтэл яам өртгийг, компаниудын зардлыг нь удирдах чиг үүрэгтэй.
Үнэ тарифын агуулга дээр нэмэх ёстой, нийлүүлэлттэйгээ дүйх ёстой гэдэгт санал нэг байна. Хэрэв үнэ тариф үйлдвэрлэж байгаа өртгөөсөө бага байгаад байх юм бол цахилгаан эрчим хүч байтугай ямар ч хүн энэ салбарт ажиллахгүй. Талх хийж байгаа хүн байлаа гэхэд түрээс нь ашгаас нь өндөр байх юм бол тэр бизнес үргэлжлэхгүй. Гэтэл яг ийм нөхцөл байдалтайгаар эрчим хүчний салбар маш удаан ажиллаж байгаа. Тиймээс өртөгт нь дөхүүлэх ёстой. 15-19 хувиар үнийг нэмэгдүүлэх юм бол үнээрээ ажиллана. Ингэж чадвал засвар үйлчилгээгээ хийнэ.
Мөн манай салбарт шаардлагагүй хэмнэж болохоор зардал маш их байгаа. Засаглалыг нь сайжруулах, орон тоог нь оновчтой болгож, стандартжуулж чадвал зардлаа хэмнэнэ. Үүнээс гадна иргэдэд мэдээллийг нь зөв өгч, өртгийг нь зохих түвшинд аваачна. Ингэж чадвал иргэд ч хожно, байгууллагууд, эрчим хүчний салбар, Монгол Улс хожно.
Эрчим хүчний салбараа өөд нь татахгүй бол бусад бүх салбар урагшлах боломжгүй. Гадна гараад алхахад маш олон барилгууд баригдаж байна. Тэд яаж дулаанаа хангах юм. Бидэнд дулааныг нь хангах нөөц байхгүй. Дулаан өгөх боломжгүй, цахилгаан ч мөн адил хязгаартай. Ингэхээр хэн байшин барих вэ, иргэд яаж байр, орон сууцанд орж, утаагаа шийдэх юм.
-Эрчим хүчний салбарт өдгөө 17 мянга гаруй хүн ажиллаж, амьжиргаагаа залгуулж байна. Зээл авч цалин тавьж буй талаар хөндөгдөж байсан. Мөн тэднийг цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэйгээр жагсах үед та уулзаж байсан. Дараа нь жагсал намжсан. Ямар тохиролцоонд хүрсэн юм бэ?
-Тохиролцоо гэхээс илүүтэйгээр ний нуугүй л ярилцсан. Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Ажилчдын эрх ашгийн эн тэргүүнд цалин байж таарна. Цалингаас гадна нийгмийн, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой олон асуудал бий. Тэр бүгдийг яам шийдэж чадаж байгаа юу.
Үүнээс гадна манай салбар бол эмч багш нарыг бодвол харьцангуй цалин сайнтай. Тиймээс цалин нэмэх тал дээр түр тэвчих, эхлээд салбараа хөл дээр нь босгох талаар ярилцаж, үр дүнд хүрсэн.
17,800 хүн энэ салбарт ажиллаж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг хаана байна вэ. Хөдөлмөрийн үнэ цэн, тэр мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа бодлого хаана байна вэ. Яаж сургаж, яаж дадлагажуулж, яаж дэмжиж байна вэ. Цалин бол ажилчид руу чиглэсэн бодлогын жижиг хэсэг. Цалингийн цаана их зүйл бий. Хүнээ бодсон, боловсон хүчний бодлого сул байна. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа.
-Та сайд болоод салбарын асуудлыг цөмийг нь шийднэ гэж ам гарч л явсан. Т.Доржханд сайд ч мөн адил ХҮН нам эрчим хүч удирдах ёстой, шинэчилнэ гэх зэргээр байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. МАН бус ХҮН удирдсанаар юугаараа ялгарах юм бэ?
-ХҮН намын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний реформ явуулах талаар тусгагдсан. Энэ салбарыг өөрчилж, шинэчлэхгүй бол эдийн засаг өсөхгүй, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, улс хөгжихгүй. Суурь асуудал, Монгол Улсын хөгжлийн тээг нь яг энд буйг бид хэлж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь ярьж байснаа бүтээх боломж болсон. Цаг алдахгүйгээр дээр ярьсан ажлуудаа шуурхай, зоригтой хийнэ.
МАН-аас юугаараа өөр байсныг иргэд дүгнэх байх. Миний хувьд, мөн ХҮН намд улс төрийн зориг байна. Үүнийг шийдчихвэл шүүмжлүүлчих вий гэх айдас байхгүй. Ийм улс төрийн зоригтой байж л бодлогын чанартай асуудлыг шийднэ. Айгаад, хулчийгаад байвал юу ч шийдэгдэхгүй. Хэн нь ч сайд болсон ялгаагүй л юм болно.
Мөн надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ салбарт би бизнес хийдэггүй. Эрчим хүчний салбарт багш, шавь, найз нөхөд ховор. Тиймээс хөндлөнгөөс ажил хэрэгч байдлаар салбарын инженер биш хөрөнгө оруулалт, санхүү, менежмент, бодлого талаас нь харж, хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна. Үүндээ итгэлтэй байгаа.
-Яам дээрээ нэг л хүнийг томилсон. Бусдаар томилгоо хийгээгүй, сэлгэж ажиллуулж байгаа. ХҮН намын хувьд бусад нам, эвслийг бодвол дагаж явдаг "намчин" багатай-
-Засаг төр солигдож, яамны толгой өөрчлөгдөхөд түшиж байсан багана, тэдний дор ажиллаж байсан хүмүүс солигддог. Ингэхдээ сайдынхаа хамаарал бүхий намын гишүүд бялуу хуваах журмаар албан тушаалд томилогддог байдал бараг хэвшил болсон. Одоо эрчим хүчний салбар тэр чигтээ ХҮН намынхан болох уу гэх асуулт эндээс ургана. Томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Яамандаа томилгоо хийсэн үү, цаашид хэрхэх вэ?
-Яам дээрээ нэг л хүнийг томилсон. Бусдаар томилгоо хийгээгүй, сэлгэж ажиллуулж байгаа. ХҮН намын хувьд бусад нам, эвслийг бодвол дагаж явдаг "намчин" багатай.
Гэхдээ ажил явуулахын тулд тухайн ажил, үүргийг биелүүлж чадах хүнийг тавих ёстой. Тэр бол үндсэн зарчим. Хэрвээ чадахгүй байвал, намынх байна уу, том араар ажилд орсон нь хамаагүйгээр өөрчлөх ёстой.
Төрийн албаны тухай хууль модон болсон байна. Хүн оруулж болдоггүй, гаргаж ч болдоггүй. Нэг хүн ороод дархлагдчихдаг, залуустаа боломж олгодоггүй. Нэг газар, хэлтсийн дарга болохын тулд тэнд 10 жил ажилласан байх ёстой. Ингэхээр яаж төрийн албан шинэчлэгдэх юм бэ. Төрийн алба гэдэг тийм нарийн мэргэжил юм уу. Бидэнд бодох, сайжруулах зүйл их байна.
-Ардчилсан намаас Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, акц өрнүүлж болзошгүй байна. Даргын алба халаатай. Хэзээ ч унаж, босож мэднэ. Одоогийн танхимаа хэр сайн бүрэлдэхүүнтэй гэж боддог вэ. Мөн насжилтын хувьд?
-Бүрэлдэхүүн бол хангалттай боловсон хүчинтэй бүрдсэн. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол улс орон тогтвортой байхын тулд Засгийн газар нь тогтвортой байх ёстой. Засгийн газар ойр ойрхон солигдох нь муу. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газрын үед ч тогтвортой байгаасай гэх байр сууриа илэрхийлсэн. Одоогийн Засгийн газраа ч мөн адил тогтвортой байгаасай гэж хүсэж байна.
Гадна, дотнын олон хүмүүстэй ажил ярьж, урагшлуулахаар хичээж байна. Хэрэв дахиад солигдчихвол хэн бидэнд итгэх юм бэ, асуудлаа хэрхэн шийдэх юм бэ. Асуудлаа ардаа тавиад нэгнээ унагаах л ажил хийгээд байвал төр гэлтгүй ямар ч ажил урагшлахгүй.
-Намууд дунд 2027, 2028 оны сонгуулийн марафон өрнөж эхэлсэн. ХҮН нам ирэх сонгуулиудад ямар амбицтай оролцох вэ, нэр дэвшигчид яригдаж байгаа юу?
-Бодож, төлөвлөж байгаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхүйц эрх мэдэлтэй, нөлөөтэй байхын төлөө тэмүүлнэ. Гэвч одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд хэрхэх талаар шийдэл гараагүй. Гарах боломж ч байхгүй байгаа. Өмнөх ажилдаа л анхаараад явж байна, бид.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
О. Онон
МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-25





