ТОМИЛОЛТ: Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалт эхэлж, анхны цооногоо өрөмдлөө www.itoim.mn
Дорноговь аймаг, Улаанбадрах сум, Гурванбаян хөндий баг. Даруухан зассан тайзан дээр нутгийн малчны “Байгаль орчин, хүн, малд ээлтэй дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлж, харилцан итгэлцэлтэй, хариуцлагатай уул уурхай эрхлээрэй” гэж хэлсэн үгээр газар доор уусган олборлох аргаар уран үйлдвэрлэх Зөөвч-Овоо төслийг нээлээ.
Жил гаруйны өмнө Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улстай стратегийн хамтын ажиллагаагаа баталгаажуулж, ураны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан билээ. Талууд Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон дэд бүтэц, бүтээн байгуулалтын гол ажлаа 2026 оны зургадугаар сарын 3-ны өдөр Улаанбадрах сум, Бадрах Энержи компанийн туршилтын үйлдвэрийн бүсээс эхлүүлж буй нь энэ юм. Ирэх гурван жил Зөөвч-Овоо төслийн хүрээнд Улаанбадрах суманд их бүтээн байгуулалт өрнөнө. Тодруулбал, 600 сая ам.долларын өртөгтэй газар доор уусган олборлох аргаар уран үйлдвэрлэх иж бүрэн хэмжээний үйлдвэр, 105 км үргэлжлэх цахилгаан дамжуулах шугам, Зүүнбаян-Улаанбадрах чиглэлийн 110 км авто зам, 300 хүний хүчин чадалтай үндсэн кэмп байгуулах зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм байна.
Хөдөө нутгийн амин сүнс нь болсон мал, малчин хоёрыг онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж, харилцан итгэлцэлтэй ажиллах нь чухал юм. Д.Батсайхан:
Төслийг нээж, сэтгэгдлээ илэрхийлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Батсайхан: Миний ижий, аав Гурванбаянгийн хөндийгөөр нутаглаж ирсэн. Энэ нутаг маань эрт дээр үеэс хоёр бөхт тэмээний идээшиж дассан нутаг. Өнөөдөр энд Монгол, Франц улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсад алдартай газар доор уусган олборлох ураны үйлдвэрийн шавыг тавьж байна. Монгол Улс, монголчууд бид газар доорх баялгаа үеийн үед авч ашиглаж ирсэн түүхтэй. Шинжлэх ухаан, технологи үсрэнгүй хөгжсөн энэ эрин үед бид байгаль болон хүн малд хор хөнөөлгүйгээр эрдэс баялгаа ашиглаж, улс орныхоо хөгжил болоод хүн ардын нийгэм эдийн засгийн амьдралд үр өгөөжөө өгөх нь зүйтэй гэж бодож байна. Гол нь байгалийн баялгийг олборлохдоо хүн арддаа, байгаль орчин, мал амьтанд хор нөлөөлгүй байх ёстой. Хөдөө нутгийн амин сүнс нь болсон мал, малчин хоёрыг онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж, харилцан итгэлцэлтэй ажиллах нь чухал юм. Тиймээс нутгийн иргэд, ялангуяа малчдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарч, хамтран ажиллаж хариуцлагатай уул уурхайн үйлдвэр үйлчилгээг хөгжүүлнэ гэж найдаж байна.
Зөөвч-Овоо төсөл Монгол Улсад бодит эдийн засгийн үр өгөөжийг бий болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Kлоод Имовен:
Орано группийн ТУЗ-ийн дарга Kлоод Имовен: Өнөөдөр Зөөвч-Овоо төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэр дундаа ирээдүйн олборлолтынхоо анхны цооногийн өрөмдлөгөө тавилаа. Монгол, Францын хамтарсан Зөөвч-Овоо нь аж үйлдвэрийн төслөөс гадна хоёр орны харилцаа, итгэлцлийг илэрхийлсэн чухал төсөл. Зөөвч-Овоо төслөөр дамжуулан Монгол, Францын харилцаа өргөжиж, олон жилийн харилцан итгэлцэл, цаашлаад манай хоёр улс стратегийн ач холбогдолтой энэ төслийг хамтран хөгжүүлэх чадавхтай гэдгээ дэлхийд харуулж буй төсөл юм.
2025 онд Монгол, Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ зургаан арван жилийн хугацаанд бид харилцан итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлж чадсан. Зөөвч-Овоо төсөл нь манай хоёр орны түүхт 60 жилийн харилцааны 30 жилийг хамарсан, хамтран хөгжүүлж ирсэн төсөл гэдгийг тодотгомоор байна.
Бид Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон ажил, үүрэг, амлалтаа биелүүлж ажиллана. Урт хугацаанд үргэлжлэх энэ төслөөр дамжуулж Монгол Улсад бодит эдийн засгийн үр өгөөжийг бий болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Зөөвч-Овоо төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад татвар, АМНАТ болон ногдол ашгаар дамжиж ирэх болно. Бид ирээдүйн үйлдвэрлэлийнхээ анхны цооногоо өрөмдөж, үндсэн үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг ийнхүү эхлүүллээ. Цаашдаа Зөөвч-Овоо уурхайгаас Улаанбадрах сум хүртэл хатуу хучилттай авто замаар холбох ажил эхэлж байна. Энэ төсөлд орон нутгийн компаниуд оролцож байгаад талархаж байна. Зөөвч-Овоо төсөл нь ганц аж үйлдвэрийн төсөл гэхээс илүү орон нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрмэлзэлтэй байна. Мөн энэ төслөөр дамжуулан Монгол Улсад өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно.
Шинэ үйлдвэр тарсалтгүй 33 жил уран олборлоно
Бадрах Энержи компани Зөөвч-Овоо ордоос газар доор уусгах олборлох аргачлалаар уран олборлож, боловсруулах үйлдвэрийн туршилтыг 2021-2022 онд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд ямар нэгэн аюул осолгүй ажиллаж, газар доор уусган олборлох арга нь байгаль орчинд бага хор хөнөөлтөй, байгалийн унаган төрхийг хэвээр нь үлдээдгийг баталж, үйлдвэрийн туршилтын хяналтад сум орон нутгийн иргэдийг татан оруулж, харилцан илтгэлцийг бий болгож чаджээ. Уран боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2028 онд дуусаж, тус оны дөрөвдүгээр улирлаас Зөөвч-Овоо уурхайгаас ураны үндсэн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Бадрах Энержи компанийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг: Миний хувьд Бадрах Энержи компанид 20 жил ажиллаж байна. Манай туршилтын үйлдвэр 2021 онд эхлээд 2022 оны сүүлээр дууссан. Энэ хугацаанд газар доор уусган олборлох аргаар уран олборлосон. Туршилтын үйлдвэр эхний шатнаас эцсийн шат хүртэлх бүх процесс бүрэн автоматжсан. Мөн ХАБ цацрагийн баг бүрэн хяналт тавьж, бүх шатанд тоног төхөөрөмжөө байршуулж, цацрагийн идэвхжлийг хянаж ажилласан. Туршилтын үйлдвэрийн хугацаанд нэг ч удаа ажлын зогсолт гараагүй, энд ажиллаж байгаа хүмүүсийн дундаас мэргэжлээс болон цацрагаас шалтгаалах өвчин эмгэг бүртгэгдээгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
Туршилтын үйлдвэр хоёр орчим жил үргэлжлэхэд 10.4 тонн уран гарган авсан. Өнөөдөр үндсэн үйлдвэрийн нээлтээ хийлээ. 2028 оны сүүлийн хагас жилээс анхны бүтээгдэхүүнээ олборлох төлөвлөгөөтэй бөгөөд оргил үедээ жилд 2500 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэл нэг шат ахиж, шар нунтгаа шатаах, цэвэршүүлэх процесс хийгдэж 80-аас дээш хувийн ураны агууламжтай бүтээгдэхүүн болгоод экспортолно. Шинэ үйлдвэр маань тарсалтгүй 33 жил уран олборлоно.
Бадрах Энержи компанийн Хөдөлмөр аюулгүй байдал ба цацраг хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Д.Тэнгис: Ямар ч ажлыг хийхэд эрсдэл бий. Харин эрсдэлийг удирдахын тулд стандарт, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж баталдаг. Тэр дүрэм журам, заавраа мөрдөж манай үйлдвэр аюулгүй ажиллагаагаа хангаж ажилладаг.
Уран гэхээр хүмүүс шууд төсөөллөөрөө Чернобыль зэрэг үйлдвэрийн аюул осолтой харьцуулдаг. Гэтэл байгаль дээр байдаг бодит зүйл шүү дээ, Чернобыльтэй харьцуулахад хэдэн арав дахин бага цацраг идэвхт нөхцөлд ажилладаг. Цацрагтай харьцах стандарт, дүрэм журмаа мөрддөг учраас ямарваа нэгэн аюул осолгүй ажиллах боломжтой. Туршилтын үйлдвэрийн явцад хийсэн хяналт мониртонгоор ямарваа нэгэн эрсдэл, аюултай үзэгдэл гараагүй.
Зөөвч-Овоо төсөл хэрэгжих хугацаанд 1600 шууд болон шууд бус ажлын байр бий болно
Үйлдвэр ашиглалтад орж, Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолтын хугацаанд 4-5 тэрбум ам.долларын шууд өгөөжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд жилд 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарчээ. Мөн Зөөвч-Овоо төсөл хэрэгжих хугацаанд 1600 шууд болон шууд бус ажлын байр бий болох юм байна.
Орано группийн Уул уурхайн бизнесийн нэгжийн захирал Ксавье Сэн Мартэн Тийе: Ойрын сарууд болон энэ жилдээ багтаад олон ажил хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр авто зам барих ажлыг эхлүүлсэн бол удахгүй цахилгаан дамжуулах шугамын ажил эхэлнэ. Намраас үйлдвэрийн гол хэсгийн барилгын ажил эхэлнэ. Цооногийн талбайд хамаарах анхны өрөмдлөгөө тавилаа. Энэ бол техникийн ажил. Үүнээс гадна хүнд хамаарах буюу ирээдүйд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх нь чухал. Энэ жил 100 хүн ажилд авч, мэргэжлийн ур чадварт сургах ажлууд хийгдэнэ. Монгол Улсад шинэ технологи ашиглах учраас энэ технологи дээр ажиллах боловсон хүчнээ сайтар бэлтгэнэ. Үйлдвэр барьж байгуулах ажил нэг л мэдэхэд дуусах учраас бид тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарна. Дотоодын их, дээд сургуулиудтай ч хамтарна. Мөн Францад байдаг үйлдвэрүүдэд ажилчдаа сургаж байгаа учраас ажилчид маань буцаж ирээд бусдадаа мэдлэгээ түгээнэ. Уурхайд ажиллах нийт ажилчдын 95-аас дээш хувь нь монгол хүн байна, мөн олон улсад хэрэглэж байгаа хамгийн өндөр стандартыг барьж ажиллана. Олборлолтын оргил үед Бадрах Энержи компанид 800 орчим хүн, мөн төдий тооны хүн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллана.
Түүнчлэн, Орано групп Монгол Улсын Засгийн газраас тавьсан байгаль орчинд нөлөөлөх цацрагийн нөлөөллийг хараат бусаар хэмжиж, хяналт тавихад шаардлагатай хамгийн орчин үеийн техник технологитой лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсныг төслийн нээлтийн үеэр онцлов.
Энхтайван МӨНХЦЭЦЭГ, Эрдэнэбаатар ГАНЗОРИГ
Нийтэлсэн огноо2026-06-12





