УВС: Агнуурын тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа болно www.montsame.mn
Улаангом, 2026 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Амьтны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зориулалтаар агнах агнуурын зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдааг зарлалаа.
Энэ жил аймгийн хэмжээнд олзворын ангийн зориулалтаар угалз 8, тэх 10, халиун буга 8 толгойг агнуулах бөгөөд дуудлага худалдааг Увс аймгийн ЗДТГ-ын байранд энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт цахимаар зохион байгуулах юм. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд хийнэ.
Тусгай зориулалтаар агнуулах амьтдын зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнэ угалз 22.2 сая, тэх 5.3 сая, халиун буга 3.8 сая төгрөг байна. Дуудлага худалдаанд оролцогчид дэнчингийн 10 хувийг аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд байршуулна.
Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчид асуулга бөглөж, өргөдөл гаргахаас гадна дэнчин төлсөн баримтын хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримт бүрдүүлэх юм.
Батхүү.Б
Нийтэлсэн огноо2026-06-12





