Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ирэх хоёр жил COP-ийн ерөнхийлөгчөөр ажиллана www.itoim.mn
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахад 26 хоног үлдлээ. Манай улс НҮБ-ын статустай, дэлхий 190 гаруй орныг хамарсан том хэмжээний олон улсын бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.
COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хоёр жилийн өмнөөс хангаж, нийслэл болон улсын төсөвт шаардлагатай төсөв санхүүг шийдвэрлэсэн. COP17 хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны хооронд нийт 12 өдөр Улаанбаатар хотод болно. Хурал болох гол байршил нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд тэнд бүрэн хэмжээний барилга байгууламж, зам талбай байгуулах ажил ид өрнөж байна.
COP17 хурлыг зохион байгуулж байгаа орны хувьд Монгол Улсын Засгийн газраас уг хурлыг ирэх хоёр жил удирдах ерөнхийлөгчийг томилох эрхтэй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас (Г.Занданшатар Ерөнхий сайдаас буухаасаа өмнө) COP17 хурлын ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг томилсон байна.
COP-ийн ерөнхийлөгчийн томилгоо, бүрэн эрх, үүрэг
COP-ийн ерөнхийлөгчийг тухайн хурлын нээлтийн нэгдсэн хуралдаанаар Талууд албан ёсоор сонгож баталгаажуулдаг. COP нь хоёр жил тутам хуралддаг тул сонгогдсон ерөнхийлөгч тухайн COP-оос дараагийн COP хүртэл буюу ойролцоогоор хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн манлайлал нь зөвхөн чуулганы үеэр бус, COP хоорондын хугацааг бүхэлд нь хамардаг.
Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг, хариуцлага
COP-ийн ерөнхийлөгч нь:
Нэгд, чуулганыг даргалж, хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулж, журам мөрдөгдөж байгаа эсэхийг хангана. Тэрээр талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй бөгөөд албан ёсны хуралдааныг нээж, хаана мөн COP-ийг төлөөлөн мэдэгдэл хийдэг.
Хоёрт, COP хоорондын хугацаанд шийдвэрүүдийн хэрэгжилтийг урагшлуулахад манлайлал үзүүлнэ. Үүнд Талууд, оролцогч талууд, UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах, дараагийн COP-ийн бэлтгэлийг хангах, конвенцын зорилтыг олон улсын түвшинд сурталчлах зэрэг багтана.
Гуравт, ерөнхийлөгч нь олон улсын тавцанд COP-ийг төлөөлж, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, гангийн эрсдэлийг даван туулах чиглэлээр улс төрийн дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оролцдог.
Монгол Улсын хувьд COP17 бага хуралд анх удаа бэлчээрийн талаар тэргүүлэх санаачилгыг дэвшүүлж, мөн ус ба гадаргын менежмент, байгалийн өгөгдөлд суурилсан дэд бүтэц гэх нийт гурван санаачилгыг олон улсын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байгаа юм байна. Манай улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй ажиллаж буй.
Ганболд БАТЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-07-22





