300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шав тавилаа www.gogo.mn
Дундговь аймагт томоохон эрчим хүчний төсөл хэрэгжинэ. МАК компани Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300 МВт-ын хүчин чадалтай Хөөтийн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ.
Станц ашиглалтад бүрэн орсноор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 60 хувийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх юм байна.
МАК компанийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир "Хөөтийн 300МВт цахилгаан станц нь МАК компанийн хэрэгжүүлж буй, нүүрсэнд түшиглэсэн анхны цахилгаан станцын төсөл. Бид дараа дараагийн цахилгаан станц байгуулах бэлтгэл хангаж байна. Элдэв зөвшөөрөл, хүнд суртлыг арилгавал бид эрчим хүчний хараат байдлаа арилгаж, бие даасан тогтолцоотой болж чадна.
Эрчим хүчний салбараа хөгжүүлж чадвал эдийн засаг, нийгэмд ихээхэн дэмтэй" гэжээ.
Тус компани өөрийн нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барина. Мөн жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Энэ үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнийг эрчим хүч үйлдвэрлэлд ашиглана гэв. Цахилгаан станцын зураг төсөл боловсруулахдаа Европын стандартын дагуу ажиллажээ.
Нүүрсхүчлийн хийг аль болох бага ялгаруулахад анхаарч, ногоон эдийн засаг руу чиглэнэ гэв. Хорт хийг цахилгаан станцын зууханд шатаах зэргээр хамгийн шилдэг технологиудыг ашиглана гэдгийг станцын шав тавих ёслолын үеэр танилцуулав. Энэ төслийн ашигт үйлийн коэффицент 38 хувь. Үүнийг нэг хувиар өсгөхөд нүүрсхүчлийн хий 2-3 хувиар буурдаг байна. Цахилгаан станцаас гарах үнсний 99 хувийг цементийн үйлдвэрт ашиглана. Тэгэхээр хаягдалгүй, байгальд ээлтэй станц болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Манай улсад нүүрсний цахилгаан станцуудын нийлүүлдэг эрчим хүч нэг киловатт/цаг нь дунджаар 8-9 орчим цент байна. Харин сэргээгдэх эрчим хүчний сүүлийн таван төслийн үнэ 4.8-7.8 цент болж буурчээ.
Б.Эрдэнэчимэг
Нийтэлсэн огноо2026-07-29





