Оюу толгой компани 2026 оны II улиралд улсад 834 тэрбум төгрөг төвлөрүүлжээ www.itoim.mn
Оюу толгой компани 2026 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Тус компани хоёрдугаар улиралд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, оны сүүлийн хагаст үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх баттай суурийг бүрдүүлснийг тайландаа онцолсон байна. Тодруулбал, 2026 оны эхний хагаст гүний уурхайн үйлдвэрлэл идэвхжиж, хүдэр дэх зэс, алтны хэмжээ өссөн байна. Хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн нийт баяжмалаас 91 мянган тонн зэс, 97 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 96.9 мянган тонн зэс, 127.3 мянган унц алт үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давуулжээ. Нэгдүгээр улиралд ч мөн үйлдвэрлэлийн давж биелсэн. Оюу толгой гүний уурхайн үйлдвэрлэл өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд нэвтэрснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй гарахад нөлөөлж байгаа аж.
Оюу толгой компани 2026 оны хоёрдугаар улиралд улсын төсөвт 834 тэрбум төгрөгийн татвар, хураамж, бусад төлбөрийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн тус улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.2 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 24.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
Тус улиралд нийт 696 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 519 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авсан байна.
Энэ жил Оюу толгойн үйлдвэрлэл илүү эрчимжиж, хүдэр дэх зэс, алтны агууламж өндөр байх бөгөөд үүнийг дагаж улсын төсвийн орлого өсөх, мөн компанийн санхүүгийн баланс ч сайжрах хүлээлт бий. Тухайлбал, онц эцэст Оюу толгой компанийн чөлөөт мөнгөн урсгал 2.6 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-07-31





