Монголбанк: Инфляц 0.4 нэгж хувиар өсөх төлөвтэй байна www.itoim.mn
Нийлүүлэлтийн шалтгаант мах, шатахууны үнэ болон төрийн зохицуулалттай үйлчилгээний тариф нэмэгдсэн нь инфляцын төсөөллийг нэмэгдүүлж байна гэж Монголбанк мэдээллээ.
Инфляц сүүлийн таван сар дараалан өсөж, зургадугаар сард 12 хувьд хүрсэн. Харин долдугаар сард энэ үзүүлэлт дахин 0.4 нэгж хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд махны үнэ зургадугаар сарын сүүлээс аажмаар буурч эхэлсэн ч үнийн түвшин өндөр хэвээр байгаа нь нөлөөлж буй аж. Мөн олон улсын зах зээлд геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж, үүнийг дагаад Монголд АИ-92 автобензиний үнэ долдугаар сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцад дарамт болжээ.
Харин орон сууцны цэвэр усны тариф 37.2 хувь, бохир усны тариф 53.2 хувиар өссөн ч эдгээр төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөө харьцангуй бага байгааг Монголбанк онцоллоо.
Инфляцын дарамт цаашид аажмаар саарах эерэг хүчин зүйлс ажиглагдаж байгааг мөн дурдлаа. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлсэн нь хүнсний үнийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна. Түүнчлэн наймдугаар сарын дунд үеэс шинэ ургацын хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдэж эхэлснээр хүнсний ногооны үнэ буурах хүлээлттэй байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-06





