ГССҮТ: Долоон сарын хугацаанд 1989 хүн скүүтер, мопедны ослоор бэртсэн www.news.mn
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) Яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн нийт 1989 тохиолдол бүртгэгджээ. Он гарснаас хойш буюу 1-5 дугаар сард 754 осол бүртгэгдэж байсан бол зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан 6-7 дугаар сард 1235 тохиолдол нэмэгдэж, осол гэмтлийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарчээ.
Бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлоос үзэхэд эрэгтэйчүүд илүүтэй өртөж байгаа бөгөөд эхний таван сард 61.4 хувь буюу 463 эрэгтэй, 291 эмэгтэй бэртсэн байна. Харин зуны 6, 7 дугаар сард эрэгтэйчүүдийн эзлэх хувь 61.8 болж, 763 эрэгтэй, 472 эмэгтэй тус тус осолд өртжээ.
Осол гэмтлийг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл мопедноос үүдэлтэй осол хамгийн их хувийг эзэлж байна. Үндсэндээ, эхний таван сард 335, зуны хоёр сард 774 буюу нийт 1,109 тохиолдолд хүрсэн байна. Мөн эхний долоон сарын байдлаар суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй 347, скүүтерээс үүдэлтэй 250 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Үүнээс гадна дээрх бичил моторт хэрэгслүүдэд мөргүүлж бэртсэн явган зорчигчийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 283-т хүрсэн байна.
Насны бүлгийн хувьд насанд хүрэгчид буюу 20-иос дээш насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж. Мөн 15-19 насны залуучууд бэртэж гэмтэх нь их байгаа бөгөөд тус эмнэлгээс 677 залуу тусламж үйлчилгээ авснаас тэдний хувьд мопед, суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл давамгайлж байна.
Нийтэлсэн огноо2026-08-11





