Инфляц сүүлийн таван сард хоёр дахин өсөж, 13 хувьд хүрлээ www.itoim.mn
Таван сарын өмнө 6.5 хувь байсан инфляц хоёр дахин нэмэгдэж, долдугаар сард 13 хувьд хүрлээ. Энэ нь сүүлийн гурван жил хагасаас хойших хамгийн өндөр өсөлт болж байна. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд инфляц 13.2 хувьд хүрч байсан юм.
Энэ удаагийн үнийн өсөлтийн гол дарамтыг хүнс, тэр дундаа мах болон шатахууны үнэ бий болгов. Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 55.9 хувь, хонь, ямааны мах 63.6 хувиар нэмэгджээ. Тухайлбал, долдугаар сард үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ өмнөх сараас 19 төгрөгөөр өсөж, 38,293 төгрөг болсон байна.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох нэгдүгээр гурилын дундаж үнэ 2,521 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ. Харин АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ өмнөх оны мөн үе болон өмнөх сараас 250 төгрөгөөр өсөж, 2,840 төгрөгт хүрсэн байна.
Импортын барааны үнийн өсөлт нийт инфляцын 3.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын инфляцын дөрөвний нэг орчим нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Үүнээс гадна нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 16.2 хувь, даатгал болон санхүүгийн үйлчилгээ 17 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар өссөн нь нийт инфляцад нөлөөлжээ.
Үнийн өсөлт зөвхөн нийслэлд төвлөрсөнгүй. Бүх аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.7-18.1 хувиар өссөн байна. Сүхбаатар аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн бага үзүүлэлт бол Сэлэнгэ аймагт 18.1 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-11





